“Байгалын яриа хэлцээ” форумд ОХУ, БНХАУ, Япон, Монгол, БНСУ-ын төлөөлөгчид оролцоно

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2016-08-05 15:23:36

УЛАН-ҮД. /Rbth/. Ирэх сарын 15-16-нд Улан-Үдэд болох “Байгалын яриа хэлцээ” олон улсын тавдугаар форумд ОХУ, БНХАУ, Япон, Монгол, БНСУ-ын төлөөлөгчид оролцоно гэж форумыг зохион байгуулах хорооны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.

Энэ жилийн форумын гол сэдэв нь Байгал нуурын бүс нутгийг хөгжүүлэхэд чиглэсэн олон улсын болоод хил дамнасан хамтын ажиллагаа байх болно гэж ОХУ-ын парламентын доод танхимын гишүүн Михаил Слипенчук мэдэгджээ. Үүний зэрэгцээ шинжээчид бүс нутаг хоорондын асуудал, хил дамнасан хамтын ажиллагаа, худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагаа болон эдийн засгийн онцгой бүсийн асуудлуудыг хэлэлцэх ажээ.

“Энэ форумын хөтөлбөрт орсон бизнесийн хүрээнийхний уулзалт нь ОХУ-ын компаниудад Хятад болон Монголын компаниудтай шууд холбоо тогтоох боломжийг олгох юм. Үүнээс гадна “Байгалын яриа хэлцээ” форум нь улс орнуудын парламент хоорондын идэвхтэй хамтын ажиллагааг харуулж байгаа юм” гэж мэдэгдэлд дурдав.

Жил бүр зохион байгуулагддаг “Байгалын яриа хэлцээ” форум нь Оросын Сибирь, Алс Дорнод болон Ази Номхон далайн бүс нутгийн орнуудын байгаль орчны аюулгүй байдал болон эдийн засгийн хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх платформ болж өгдөг билээ. Энэ жилийн форумыг ОХУ-ын Төрийн дум, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Засгийн газар, Оросын Эдийн засгийн хөгжлийн яам хамтран зохион байгуулна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ