Гурван бамбаруушийг байгальд нь буцаан тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-05-29 22:10:57

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт өнгөрсөн жил баавгай болон бамбарууш төв суурин газарт орж ирсэн, айлын малд халдсан тохиолдлууд нэлээн хэд гарсан.

Энэ нь Сибирийн ой шатсан, зун нь самар, жимс ховор байсан зэргээс шалтгаалан орогнох газар идэх хоолгүй болсон баавгай байгалийн жамаараа ичиж, нутагшиж чадахгүйд хүрсэн байна. Тус аймгийн Түнэл, Цагаан-Уул суманд айлын хотонд ирсэн өнгөрсөн өвөл бие даан өвөлжих боломжгүй 3 бамбаруушийг Улаан тайгын тусгай хамгаалалттай газарт аваачин тэжээж онд оруулсан.


Өнөөдөр 3 бамбаруушийг “Animals Australia“ байгууллагын дэмжлэгтэйгээр нисдэг тэргээр зөөвөрлөн их тайгад нь буцаан тавилаа. Тус ажиллагаанд БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Австрали улсын “Animals Australia“ байгууллагын  төлөөлөл  болон БОАЖЯ-ны албаны төлөөлөл, Улаан тайгын Тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчид оролцлоо.


Мөн Хөвсгөл аймагт өнгөрсөн оны 7 дугаар сард эхээсээ төөрсөн бамбаруушийг буцаан тавьсан юм. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлд 2021 оны 5 дугаар сард эхээсээ төөрсөн бамбарууш ирснийг нутгийн байгаль хамгаалагчид асран хамгаалж, бие даан амьдрах чадвартай болгоод  7 дугаар сард тайгад нь тавьсан юм.   


Бамбарууш төрөх үедээ 350-500 гр жинтэй, нүдээ нээгээгүй, нүцгэн байдаг. Зарим үед 2-3 жил өнжиж төллөдөг бөгөөд хүрэн баавгай 5 нас хүрч үржилд орно. Байгалийн нөхцөлд 20-30 жил, тэжээвэр нөхцөлд 40 хүртэл насалдаг. Идэш тэжээл нь газрын гадарга, ургамлын бүрхэвч, тэдгээрийн чанараас шалтгаалах бөгөөд олон төрлийн хоол хүнс хэрэглэдэг. Идэш тэжээл хомс хаврын эхэн үед улиангарын үр, модны нахиа, ургамлын үндэс, хуучин самар, шоргоолж зэргээр харин зуны эхэн үеэр тэд голчлон жимс жимсгэнэ, үр, самар, ногоон ургамал, шавж, загас, заримдаа сэг зэмээр хооллоно. Идэш тэжээл дутагдалтай үед хандгай, зэрлэг гахай, бор гөрөөс, халиун буга, хүдэр барина. Зуны сүүл, намрын эхэн үед гол төлөв ургамлаар хооллох бөгөөд янз бүрийн үр жимс, самар, ургамлын үндэс иддэг ажээ.


Хүрэн баавгай Монгол орны Хөвсгөл, Хэнтийн нурууны зүүн бие, Монгол дагуурын хээрийн Улз, Онон гол, Монгол Алтайн баруун хойд хэсэг, Их Хянганы салбар уулсын тайга, ойт уулсаар тархжээ. Биологийн хүрээлэнгийн 1986 онд гарсан судалгаагаар Хэнтий, Хөвсгөлд хүрэн баавгайн нөөц 500 орчим байжээ.

 

 


Холбоотой мэдээ