Балба охин "Рио-2016"-гийн хамгийн залуу тамирчнаар нэрлэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
dorjkhand@montsame.mn
2016-08-05 10:11:57

КАТМАНДУ. /Prensa Latina/. Балбын “гайхамшигт хүүхэд” хочит усанд сэлэгч Гаурика Сингх зуны Олимпын 31 дүгээр наадмын “хамгийн залуу тамирчин”-аар түүхэнд нэрээ мөнхлөн үлдээж байна.

Зуны Олимпын 31 дүгээр наадам Бразилын Рио-де-Жанейро хотноо энэ сарын 5-21-нд болно.

Риогийн Олимпын наадамд оролцох 10 мянга гаруй тамирчнаас хамгийн залуу нь 13 нас 235 хоногтой, 5 фут буюу 152.4 см өндөртэй балба охин гэж уг Олимпын албан ёсны цахим хуудсанд бичжээ.

Энэ охин Их Британийн нийслэл Лондон хотод эцэг эхтэйгээ хамт амьдардаг аж. Тэрбээр дунд сургуульд сурахын зэрэгцээ сургуулийнхаа усанд сэлэлтийн дугуйланд хичээллэдэг гэнэ.

Тэрбээр ирэх ням гарагт 100 м-ийн араар даллах сэлэлтийн төрөлд өрсөлдөх бөгөөд түүнийг 1:07.31 гэсэн үндэсний дээд амжилтыг шинэчилнэ гэж Балбын албаны хүмүүс найдаж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ