Хөрөнгийн зах зээлийн боловсролыг шинэ шатанд эхлүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-05-25 12:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хөрөнгийн бирж “Монголын хөрөнгийн зах зээлийн боловсрол” үндэсний хэмжээний цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж эхэллээ. Энэ хүрээнд өнөөдөр СЭЗИС-тай хамтран ажиллах ажиллах санамж бичиг байгуулав. Хамтын ажиллагааны хүрээнд хөрөнгийн зах зээлийн боловсон хүчинг бэлтгэж, хүний нөөцийг чадавхижуулах зорилготойг Монголын Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай онцлов.

Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн гол суурийн нэг хөрөнгийн зах зээлийг цаашдын хөгжлийн шинэ шатанд гаргахад боловсон хүчнээ бэлдэх шаардлага үүсч буйг дурдлаа.


Тэрбээр хөрөнгийн зах зээл үнэт цаасны талаар олон нийтэд мэдээлэх анхан шатны сургалтыг ААН-үүдэд болон хөдөө орон нутгийн иргэдэд тогтмол явуулж буй. Энэ удаагийн хамтын ажиллагаа нь хөрөнгийн зах зээлийн талаарх сургалтыг мэргэшүүлэх өөр түвшинд, шинэ шатанд гаргаж системтэй явуулах үүднээс Монголын дээд боловсролын болон санхүүгийн ууган байгууллага СЭЗИС-ийг түшиглэн эхлүүлж байна гэв.




СЭЗИС-ийн ректор Б.Мөнхбаяр хэлэхдээ, “Манай сургууль Монгол Улсын санхүү, эдийн засгийн салбарт ямар өөрчлөлт шинэчлэл хийж, ямар сорилтыг туулж ирсэн, тэр бүхэнд оролцож, хөрөнгийн зах зээлийн бүх үйл явдал яалтгүй СЭЗИС-ийн түүхтэй холбоотой байдаг.Учир нь хөрөнгийн зах зээл дээр ажиллах анхны мэргэжилтнүүдийг өнөөдрийн СЭЗИС-ийн өмнөх статус байсан Эдийн засгийн коллеж анх бэлтгэж ирсэн"-ийг дурдлаа.


Энэ удаа ч санхүү, эдийн засгийн тогтолцооны нэг тулгуур болох хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэхэд, мэргэшсэн мэргэжилтэн бэлтгэхэд хувь нэмрээ оруулахаар болж байна гэв.  Тус сургууль нь хөрөнгийн зах зээлийн мэдлэг олгох мэргэжилтэн бэлтгэхэд сургалт зохион байгуулж, судалгаа хийх зэргээр оролцохоор болж буйг тодотголоо.




Бусад улс оронтой харьцуулахад манай улсын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ ДНБ-д харьцангуй бага буюу 13.7 хувийг эзэлж байна. Гэвч олон улсын шинжээчид манай хөрөнгө, үнэт цаасны салбарыг хамгийн хурдацтай хөгжиж буй зах зээлээр нэрлэжээ. Өнгөрсөн оны 12 дугаар сард Монгол Улсад ТОП-20 индекс 130 хувиар өсөж, дэлхийн хамгийн өндөр өсөлттэй зах зээлийн нэг болсныг олон улсын агентлаг онцлон мэдээлсэн. Энэ оны 5 дугаар сарын 20-ны байдлаар буюу хамгийн сүүлд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 4.95 их наяд төгрөг болоод байна. Үүнийг өнгөрсөн онтой харьцуулахад 74.3 хувиар өссөн үзүүлэлт болж байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд манай улсад олон нийтэд хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэг ойлголт, боловсролыг системтэй олгох шаардлага тулгарч байна. Энэхүү шаардлагыг биелүүлж хангаснаар хурдацтай хөгжиж буй хөрөнгийн зах зээлээс өгөөж хүртэх иргэдийн тоо нэмэгдэнэ гэж үзэж буйгаа хоёр тал илэрхийлж байв. 


Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ