Энэтхэг улс элсэн чихрийн экспортыг хязгаарлахаар болжээ

ДЭЛХИЙД | ЭДИЙН ЗАСАГ
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-25 11:55:21

ШИНЭ ДЕЛИ. /Bloomberg/. Энэтхэг улс долоо хоногийн өмнө улаан буудайн экспортыг хориглосон бөгөөд үүний дараа элсэн чихрийн экспортыг хязгаарлахаар болжээ.


Энэ нь хүнсний хангамжаа хамгаалахын тулд хийж буй урьдчилан сэргийлэх арга хэмжээ юм.


Тус улсын Засгийн газар энэ оны 9 дүгээр сар хүртэлх элсэн чихрийн экспортын хэмжээг 10 сая тонн хүртэл хязгаарлахаар төлөвлөж байна гэсэн мэдээллийг “Bloomberg агентлаг нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалжаас иш татан мэдээлжээ.


Мөн тус эх сурвалжийн мэдээлснээр, дээрх шийдвэрийг ойрын өдрүүдэд зарлаж магадгүй байна.


Энэтхэг улс нь өнгөрсөн онд Бразил улсын дараа орох дэлхийн хоёр дахь том элсэн чихэр экспортлогч орон байсан бөгөөд хамгийн том худалдан авагч нь Бангладеш, Индонези, Малайз, Дубай зэрэг улс, хотууд байжээ.


Одоогоор тус улсын Хүнс, худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар хийгээгүй байна.


Энэ сарын эхээр хэт халалтын улмаас ургацын хэмжээ буурсны дараа тус улс улаан буудайн экспортод хориг тавьж буйг зарласан ба энэ нь үнийг өсгөхөд хүргэжээ.


ОХУ Украин руу довтолсноос хойш дэлхийн хүнсний бүтээгдэхүүний үнэ огцом өссөний дараа хүнсний бүтээгдэхүүний экспортод хориг тавьж буй улс орнууд ялангуяа Азийн орнууд нэмэгдсээр байна.


Тодруулбал, Индонези улс далдуу модны тосны, Малайз улс тахианы махны экспортыг тус тус хориглосон.


Элсэн чихрийн томоохон экспортлогч орон ийнхүү экспортын хориг тавьж байгаа нь дэлхийн элсэн чихрийн зах зээлд томоохон нөлөө үзүүлж магадгүй юм. 

Холбоотой мэдээ