Дуучин Б.Дэлгэрбаяр олон улсын дуулаачдын XI уралдаанд Гран при шагнал хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2022-05-24 17:02:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын нэрт зохиолч И.Дунаевскийн нэрэмжит олон улсын дуулаачдын XI уралдаанд Монголын уран бүтээлчид анх удаа амжилттай оролцсон тухай мэдээлэл хийв.


Тодруулбал, Оросын Хөгжмийн зохиолчдын эвлэлийн дэргэдэх олон улсын “Сольвейг” дууны төв Оросын хөгжмийн зохиолчдын дэмжлэгтэй Исаан Дунаевскийн нэрэмжит энэхүү уралдааныг ОХУ-ын нийслэл Москва хотноо энэ сарын 11-15-нд зохион байгуулжээ.

Тус уралдаанд Монгол, ОХУ, БНХАУ, Энэтхэг, Израиль, Беларусь, Казахстан зэрэг орны 1000 гаруй дуулаач сонгодог, эстрад, ардын болон зохиолын дууны төрөлд өрсөлдсөн байна.


Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газар, Улаанбаатар дахь Русский домын дэмжлэгтэй найман уран бүтээлч оролцож авьяас билгээ сорьсноос Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр Гран при шагнал хүртсэн бол бусад дуучин тэргүүн, дэд, гутгаар байрт шалгарчээ.



Улсын филармонийн гоцлол дуучин Б.Дэлгэрбаяр хэлэхдээ, “Ийм сайхан амжилт үзүүлж, шинэ түүх бичсэндээ маш их баяртай байна. Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, УГЗ, Чингис хаан одонт Б.Шаравын хөгжим Чингис хаан дуурийн Ван ханы ариг уралдааны комиссынхон өндрөөр үнэлсэн.  Тиймээс ч гала тоглолтод Ван хааны ариг дуулуулах хүсэлт тавьж, энэ дагуу дуугаа дуулсан.  Тэмцээнд оролцоход дэмжсэн Оросын соёл, шинжлэх ухааны төвийн хамт олон болон Москвад соёл урлагийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад талархлаа илэрхийлье” гэв.


Ташрамд дурдахад, энэхүү уралдааны өнгөрсөн 10 жилийн түүхэнд Орос, Беларусь, Украин, Казахстан, Грек, Ирланд, АНУ, Латви, Словени зэрэг орны уран бүтээлчид Гран при шагнал хүртэж байжээ.





Холбоотой мэдээ