Автомашингүй өдөр, “Улаанбаатар марафон”-ы үеэр нийтийн тээврийн чиглэлийг өөрчилнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-05-24 10:10:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Улаанбаатар марафон-2022” гүйлтийн тэмцээн автомашингүй өдөр буюу энэ бямба болно.


Тухайн өдөр 7.00-18.00 цагийн хооронд зарим авто замын хөдөлгөөнийг хязгаарлах тул нийтийн тээврийн 39 чиглэлийг өөрчилж, троллейбусны гурван чиглэлийн үйлчилгээг түр зогсоох аж. Тухайлбал, Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө, Баруун 4 замын уулзвараас Зүүн 4 зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Иймд эдгээр гудамж, замаар зорчдог нийтийн тээврийн чиглэлүүд нь дараах төлөвлөлтийн дагуу иргэдэд үйлчилнэ.


Үүнд:

-Их тойруугаар явах чиглэлүүд Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС-ын нийтийн тээврийн зогсоол,

-Нарны замаар явах чиглэлүүд Жигүүр гранд, Замын цагдаагийн газар, Миний дэлгүүр нийтийн тээврийн зогсоол,

-Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд Ногоон нуур, 120 мянгат, Төв цэнгэлдэх хүрээлэн нийтийн тээврийн зогсоол,

-Баруун 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд МҮЭСТО, Элба төв, Бөмбөгөр худалдааны төв, Нарны титэмийн нийтийн тээврийн зогсоол,

-Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд Сансарын үйлчилгээний төв, Хавдар судлалын эмнэлгийн нийтийн тээврийн зогсоолуудаар үйлчлүүлэх боломжтой.



Мөн Энхтайваны өргөн чөлөөний баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх хөдөлгөөнийг хаах тул тухайн  өдөр троллейбусны үйлчилгээ үзүүлдэг Т:2 "5 шар - Ботаник", Т:4 " Ботаник-Вокзал", Т:5 "3,4 хороолол-Офицеруудын ордон" чиглэлүүд зогсохыг нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.


“Автомашингүй өдөр”-өөр нийслэлийн хэвтээ чиглэлийн гол зам болох Энхтайваны өргөн чөлөө, хотын төвийн Их тойруугийн зам, гудамжаар тодотговол, Сөүл, Бээжин, Анкара, Сүхбаатар, Их сургууль, Элчин, Хөх тэнгэр,  Партизан, Олимп, Самбуугийн гудамжны авто замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тодруулбал, зүүн 4 замаас баруун 4 зам, мөн Гэсэр сүмээс Зоос гоёл хүртэл, Хүнсний 4 дүгээр дэлгүүрээс Хятадын ЭСЯ хүртэл, тэндээс Сансарын туннел хүртэлх замын хөдөлгөөнийг хаах юм. 





Холбоотой мэдээ