Ховор, нэн ховордсон амьтан, ургамлын тухай “Baigali” аппликейшнийг хэрэглээнд нэвтрүүллээ

Монголын мэдээ | Байгаль орчин
oyundelger@montsame.gov.mn
2022-05-24 08:50:37

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын биологийн олон янз байдлыг агулсан “Baigali“ аппликейшныг Биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн өдөр"-өөр танилцуулж, хэрэглээнд нэвтрүүллээ.


Тус аппликейшнаар Монгол орны 3000 орчим зүйл ховор, нэн ховордсон амьтан, ургамлын, зураг, ажиглалтын явц, газар зүйн байршил, цаг хугацааны мэдээллийг авах боломжтой. Монгол хэлээр системчилсэн аппликейшнийг хэрэглэгчид утсандаа үнэ төлбөргүй татаж, ашиглахаас гадна нэмэлт мэдээлэл байршуулж, баяжуулах боломжтой юм байна.


БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ аппликейшнийг нээж үг хэлэхдээ, “Монгол орны аялал жуулчлалын 80 гаруй хувь нь улсын тусгай хамгаалалттай газар нутгийн байгальд аялж, түүнийг мэдэрч, таашаал авахад оршдог. Жуулчид онгон дагшин, унаган байгалийн үзэсгэлэнт газар, бүрэн бүтнээрээ байгаа биологийн олон янз байдал, аж ахуйг тогтвортой хөгжүүлэх, нүүдэлчдийн соёлыг мэдрэхийг хүсдэг. Гадаадын жуулчид аялах чиглэлээ шийдэхээсээ өмнө санал болгож буй үйлчилгээ, байгалийн тухай мэдээлэл авахын тулд интернэт ашигладаг. Энэ нь бид өөрсдийн ажиглалтаа АПП, веб сайт дээрээ хэдий их хуваалцана, төдий чинээ олон улсад Монгол орны үзэмжит байгаль, ховор ан амьтан, ургамалыг сурталчилж, аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүнийг санал болгох боломж нэмэгдэнэ гэсэн үг. Тиймээс Монголын биологийн олон янз байдлыг илэрхийлэх “Baigali“ аппликейшнийг аялал жуулчлалын салбарын маркетингийн чухал хэрэгсэл болгох цаашлаад хүн бүрийн хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байна. Мөн гадаадын жуулчид өөрсдийн нүдээр үзсэн байгалиа хамгаалахад хөрөнгө оруулдөг эдийн засгийн үр ашигтай талбар болно гэдэгт итгэлтэй байна” гэжээ.


Тэрбээр, энэ төслийг ажил хэрэг болгосон биологийн олон янз байдлын эксперт, өнөөг хүртэл зохицуулж, зохион байгуулж ирсэн "Монголын биологийн олон янз байдлын ирээдүй" сан, төслийн техник, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн “GIZ-SPACES” төсөлд талархаад, БОАЖЯ төслийг үргэлжлүүлэхэд бүх талын дэмжлэг үзүүлнэ хэмээв. 

Холбоотой мэдээ