Өндөршил сумын малчид зөвлөгөөндөө морьтой ирж оролцов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-23 22:45:17
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өндөршил суманд 5 дугаар сарын 20-нд зохион байгуулсан "Малчдын зөвлөгөөн"-д малчид бүгд морьтой иржээ.

Малчдад төрийн бодлого, шийдвэрийг таниулж, мэдлэг олгох, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээнд хамруулах, тэднийг идэвхжүүлэх зорилгоор зохион байгуулсан тус зөвлөгөөнд 212 малчин оролцжээ.

Зөвлөгөөн, чуулган гэх мэт олон хүнийг хамарсан аливаа үйл ажиллагаанд иргэд төдийгүй малчид машинаар ирж, сумын соёлын төвийн гадна олон машин жагсаж байдаг бол тус сумын соёлын төвийн гадна морьд уяатай байсан нь олны сонирхлыг татаж, талархлыг хүлээлээ.

Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр, ХХААГ-ын мал аж ахуйн албаны дарга Ж.Батбилэг, МЭЕГ-ын ахлах мэргэжилтэн Д.Ууганбаяр, аймгийн ХААХХ-ны дарга, доктор Д.Чандмань нар урилгаар оролцож, мал аж ахуйн салбар болон хоршооны тухай бодлого, шийдвэрийг танилцуулжээ.

Мөн энэ үеэр цахим тоон гарын үсэг, түүний хэрэглээ, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, сумын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, эрүүл мэндийн эрт илрүүлэг оношилгоо зэрэг сэдвээр иргэдэд мэдээлэл хийж, тэдний санал бодлыг сонссон байна.

Түүнчлэн зөвлөгөөнд оролцогчдод ”Хичээнгүй үндэс” ТББ-ын лектор Б.Буяндэлгэр сонирхолтой лекц уншиж, Төв халхын дуулалт жүжгийн театрын хамт олон тоглолтоо толилуулан, Говьсүмбэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн нарийн мэргэжлийн эмч нар үзлэг, оношилгоо хийж, малчдын дунд төрөл бүрийн уралдаан тэмцээн зохион байгуулсан байна.  





Холбоотой мэдээ