НҮБ-ын цөлжилттэй тэмцэх бага хурлыг Монголд зохион байгуулна

Монголын мэдээ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-05-23 09:35:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цөлжилт нь XXI зуунд хүн төрөлхтний өмнө тулгарч буй хамгийн том сорилтын нэг болж байна. Өмнөд туйл буюу Антарктидаас бусад бүх тивд цөлжилт их бага хэмжээгээр нөлөөлж буй бөгөөд цөлжилттэй тэмцэх нь дэлхий нийтийн гол үүрэг болж байна. Энэ талаар Африкийн Коте Д’Ивуарын Абижан хотод болсон Цөлжилтийн эсрэг конвенцийн дээд хэмжээний уулзалтаар хөндлөө. Олон улсын уг уулзалтад манай улсаас Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ногоон хөгжлийн зөвлөх Н.Батхүү нарын ажлын хэсэг оролцлоо.




Цөлжилтийн эсрэг конвенцийн талуудын 15 дугаар бага хурал нь “Газар амьдралын эх үндэс” уриан дор болж, 189 орны Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Байгаль орчны сайд нар, нийт 6 мянга орчим төлөөлөгч оролцож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, дулаарал, ган, газрын доройтол тэр дундаа цөлжилтийн эсрэг авах хариу арга хэмжээнд дуу хоолойгоо нэгтгэлээ. Дээд хэмжээний уулзалтаар дэлхийн улс орон бүр цөлжилтийн эсрэг авч буй арга хэмжээгээ танилцуулж, сайн туршлагаа хуваалцав.




Сүүлийн жилүүдэд дэлхий дахины уур амьсгалын өөрчлөлт, дулааралтаас хамааран ган гачиг тохиолдох нь олшрохын зэрэгцээ хүний байгаль орчинд үзүүлж буй хэт дарамт их болсоноор цөлжилтийн аюул нүүрлэх болсныг улс орнуудын төлөөлөл салбар хуралдаанаар хөндөж байв. Түүнчлэн дэлхийн уур амьсгалын дулаарал нь бүс, нутаг, газар орны байршлаас хамаарч олон янз байдлаар илэрч байна. Монгол орны хувьд, нийт газар нутгийн 76,9 хувь нь цөлжилтөд их, бага хэмжээгээр өртөөд байна.




Мөн хамгийн том асуудал нь Монголын тэгш өндөрлөгийн гол түлхүүр экосистем болох хээрийн экосистем цөлжилтийн үйл явцад улам бүр эмзэг болж буй явдал юм. Цөлжилт, газрын доройтлын улмаас Монгол орны хамгийн гол экосистемүүд болох ус, намгархаг газар, өндөр уулууд хувьсан өөрчлөгдөх болсон төдийгүй усны эх үүсвэр болсон экосистемийг хамгаалахад энэ удаагийн уулзалтын сэдэв болон газар, түүний ашиглалт, эрх зүйн байдал чухал нөлөөтэйг БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ сайд нарын дугуй ширээний уулзалтын индрээс онцолж байлаа.




Тэрбээр хэлсэн үгэндээ, Монгол Улс сүүлийн 40 жилд нийт цэвдгийнхээ 50 орчим хувийг алдсан гэдэг нь судалгаагаар тогтоогдоод байна. Энэ нь умард бүсийн цөлжилт, газрын доройтлыг буруулахад хөрсний менежментийг чухалчлан анхаарах шаардлагатайг харуулж байна гээд, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилга “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг 2030 он хүртэл хэрэгжүүлж, энэ ажлын хүрээнд тэрбумаар тоологдох мод тарих нь газрын харилцаа, газрын бодлого, ашиглалт, тогтвортой эдийн засгийн хөгжил, хүний эрх ба газар зэрэг олон асуудлыг цогцоор нь шийдвэрлэх боломжтой бөгөөд газартаа хөрөнгө оруулах эрхийн баталгаа болно гэж харж байна гэсэн юм.





Мөн энэхүү үндэсний хэмжээний санаачилга нь зөвхөн Монгол Улсын тэгш өндөрлөгийн ногооруулах бус гурван усан хагалбарын эх нутгийг ногооруулж буй бөгөөд уг том зорилтын өгөөж нь экосистемийн урсгалаар Зүүн хойд Азийн хэмжээнд үзүүлэх нөлөөллийг нэмэгдүүлэх юм гээд, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын бага хурлыг Монгол Улсад зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дэлхийн 180 гаруй улс орны төлөөлөгч нарт сонордууллаа.




Эх байгальд хил хязгаар байхгүй учраас Монгол Улсын зүтгэл, оролдлого даян дэлхийн тогтвортой ногоон хөгжилд хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа тэрбээр хэлсэн үгэндээ онцолсон юм. Ингээд, 189 орны зургаан мянга гаруй төлөөлөгчид хэлэлцэж, санал хураалт явсны эцэст НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг 2026 онд Монгол Улсад зохион байгуулахыг Засгийн газрууд дэмжиж, албан ёсоор баталлаа. Харин үүний өмнөх 16 дугаар талуудын бага хурлыг Саудын Арабын хаант улсад зохион байгуулахаар талууд санал нэгдэв.

Холбоотой мэдээ