“Xiaomi” компанийн эхний улирлын цэвэр ашиг 52.9 хувиар буурчээ

ДЭЛХИЙД | Эдийн Засаг
ankhbayar.abr@yahoo.com
2022-05-20 13:42:08

БЭЭЖИН. /Yicai/. Хятадын цахилгаан барааны “Xiaomi компани нэгдүгээр улирлын санхүүгийн тайлангаа гаргалаа. Эхний улиралд тус компанийн цэвэр ашгийн хэмжээ 2.86 тэрбум юань буюу өмнөх оны мөн үеэс 52.9 хувиар буурсан байна.


Оны эхний улиралд тус компанийн орлого 73.35 тэрбум юань буюу өмнөх оны мөн үеэс 4.6 хувиар буурчээ.


Санхүүгийн тайлангаас харахад, оны эхний улиралд тус компани ухаалаг гар утасны борлуулалтын орлого 45.8 тэрбум юаньд хүрсэн ба дэлхий даяар нийтдээ 38.5 сая ширхэг гар утас борлуулжээ.


Харин интернэтэд холбогддог төхөөрөмж болон хэрэглээний бүтээгдэхүүний орлого 19.5 тэрбум юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 6.8 хувиар өссөн байна.


Тус компанийн ерөнхийлөгч Ван Сян санхүүгийн тайлангийн хурал дээр хэлсэн үгэндээ, “үйлдвэрлэл болон тээвэрлэлтэд цар тахлын нөлөө асар их байсан. Шанхайн халдварын үед дэлгүүрүүд хаагдсан нь хэрэглэгчдийн худалдан авах хүсэлд нөлөөлсөн” гэжээ.


Мөн тэрбээр хэлэхдээ, “өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, цар тахлын нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдалд тодорхойгүй зүйл маш их байна. Эхний улирлын гол сорилт бол цар тахлын мутаци, чипний нийлүүлэлтийн асуудал байлаа. Энэ онд дэлхий даяар хагас дамжуулагчийн нийлүүлэлтэд асуудал гарахгүй төлөвтэй байна. Хоёрдугаар улиралд чипний хомсдол аажмаар сайжирна. Гэсэн хэдий ч энэ нь цар тахлын болон олон улсын нөхцөл байдлаас шалтгаална” гэв.           

Холбоотой мэдээ