Шүүхийн шүүгчийн тангаргаа өргөлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2022-05-19 15:28:17

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 64 дүгээр зарлигаар Доржсүрэнгийн Алтаннавчийг Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчээр томилжээ. Тэрбээр өнөөдөр хууль ёсыг эрхэмлэн дээдэлж, шударга ёсны гэрч байхаа батлан тангаргаа өргөлөө.

Тангараг өргөх ёслолд Сүхбаатар аймгийн анхан болон давж заалдах шатны шүүгчид, Шүүхийн тамгын газрын дарга Ц.Ганхуяг, аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Б.Батнасан, ахмад шүүгч С.Өлзийсайхан, шүүхийн ахмадын зөвлөлийн дарга Д.Сугар болон шүүхийн ажилтнууд бусад зочид төлөөлөгчид урилгаар оролцлоо.


Миний хувьд шүүхийн байгууллагад 38 жил 9 сар ажиллаж, өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүүгчээр томилогдож байгаадаа баяртай байна. Хуулиа дээдэлж, шударга ёсыг эрхэмлэн өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллах болно хэмээн Д.Алтаннавч сэтгэгдлээ хуваалцав. Харин түүнд шударга байхаас гадна харилцааны соёлыг эрхэмлэн ажиллахыг ахмад шүүгчид захиж байлаа.

Д.Алтаннавч нь 1965 онд төрсөн, 2000 онд Отгонтэнгэр их сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн, хууль зүйн ухааны бакалавр зэрэгтэй. 1983-2007 онд Дорноговь аймгийн шүүхээс ажил хөдөлмөрийн гараагаа эхлүүлж үйлчлэгч, нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, 2007-2011 онд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхэд шүүгчээр, 2012-2022 онд Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байжээ.

 

Холбоотой мэдээ