Б.Сувд: Номын баярыг зорьж ирэгсдийн тоог 150 мянгад хүргэнэ

Монголын мэдээ | Ярилцлага
sarantsetseg@montsame.mn
2022-05-19 14:38:46

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Үндэсний Номын баярын арга хэмжээний талаар “Номын соёлт ертөнц” ТТБ-ын тэргүүн Б.Сувдтай  ярилцлаа.

-Сүхбаатарын талбайд гурван өдөр үргэлжлэх Үндэсний Номын баярыг “Илүү их уншъя” уриан дор зохион байгуулахаар  ажиллаж байна. Бэлтгэл ажил хэр хангагдаж байна вэ?

-“Номын соёлт ертөнц” ТТБ-ын дэргэдэх “Номын соёлт ертөнц” клуб болон сэтгүүл, Редактор клуб, Маркетингийн албаныхан болон "Үндэсний номын баяр-31"-ын ажлын хэсгийнхэнтэй хамтран номын баярыг илүү өргөн хүрээнд болгохын төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байна. Зохион байгуулалтын сайн дурын ажилд  “Номын ертөнц” клубын 100 гаруй хүүхэд ажиллах юм. Энэ удаагийн номын баяр маш олон онцлох үйл явдалтай хүмүүсийн  хүсэн хүлээсэн өдрүүд үргэлжилнэ гэж найдаж байна. Та бүхний хүндэлдэг зохиолчид Номын  баярт хүрэлцэн ирж үүцээ задална. 

-Энэ удаагийн номын баяр нь цар тахлын дараа болж байгаа гэдэг утгаараа хүмүүс их ач холбогдол өгч байх шиг байна.  Энэ удаагийнх илүү өргөн хүрээнд болно гэж ойлгож болох уу?

-Номын баяр маань ковидын дараа болж байгаа гэдгээрээ онцлогтой. Илүү өргөн цар хүрээнд болно. Тухайлбал номын баярт маань Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн захирал болон ОХУ-ын зохиолчид болон Өвөр монголоос төлөөлөл хүрэлцэн ирж байгаа. Мөн Монголд суралцаж байгаа гадаад оюутнууд оролцоно. Номын баярт 400 гаруй зохиогч, хэвлэн нийтлэгч цахимаар бүртгүүлсэн бөгөөд зай талбайн хэмжээнээс хамаараад 200 гаруй хувь хүн, албан байгууллага оролцох юм. Санаагаар болдог бол бүх хүмүүсээ оруулчихмаар байна. Гэвч зай талбайн хүрэлцээ яах аргагүй оролцогсдыг маань хумиж байгаа. Тиймээс оролцох боломжгүй үлдэж байгаа зохиогч, хэвлэн нийтлэгчдээсээ хүлцэл өчье.

-Үндэсний номын баярын гол агуулга нь иргэдийн унших түвшинг ахиулж, номын соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэхэд чиглэдэг. Энэ удаагийн номын баяраар “Илүү их уншъя” уриаг дэвшүүлжээ. Энэ тухайд?

-Номын баяр нь хүмүүсийг ялангуяа хүүхэд, залуусыг номд дуртай болгох зорилгоор “Зөв мэдлэгт хөтөлнө” гэсэн уриаг сурталчилдаг.

Ном уншдаг хүмүүсийн тоо жилээс жилд нэмэгдэж байгаа. Үүнийг номын баярт ирж буй хүмүүсээр жишиж болно. Биднийг 50-80 мянган хүн зорин ирдэг. Тэдний 95 хувь нь ямар нэгэн байдлаар худалдан авалт хийх жишээтэй. Тиймээс бид энэ удаа номын баярыг зорин ирэгсдийн тоог нэмэгдүүлэх уншигчдын мэдлэгийг тэлэх зорилгоор “Илүү их уншъя” уриаг дэвшүүлсэн. Ном уншиж байж бид соёлт ертөнцийг бий болгоно. Тиймээс зорин ирэгсдийн тоог 150 мянгад хүргэхийг зорьж тэднийг уриалан дуудахад уриа, хөтөлбөрөө чиглүүлсэн. Манай улс ном уншдаг уншигчдын тоогоороо дэлхийд 92 дугаар байрт жагсдаг. Энэ удаагийн номын баярын гол зорилго 92-50 дугаар байрт ойртуулахын төлөө чиглэж байгаа.


-Номын баяраар маш олон арга хэмжээ өрнөдөг. Энэ удаагийн онцлох үйл явдлууд юу вэ?

- Зохиогчийн гарын үсэгтэй худалдаа уулзалт, хэлэлцүүлэг, лекц, номын эрх шилжүүлэх гэрээ хэлэлцээр, ном хандивлах үйл ажиллагаа, шинэ хэвлэн нийтлэгчдийг танилцуулах, мэргэжлийн болоод төрийн байгууллагынхан түншлэл үүсгэн ажиллах гээд маш олон арга хэмжээнүүд өрнөнө. Мөн хүүхдэд зориулсан арга хэмжээнүүд болох юм.

-Номын баярыг 50-80 мянган хүн зорин ирдэг гэлээ. Эдгээр хүмүүсийн насны ангиллыг судалж үзэв үү?

- Номын баяр болсны дараа бид судалгаа хийдэг. Энэ судалгаагаар зорин ирэгсдийн 50 хувь нь залуучууд, 30 хувь нь хүүхэд багачууд, 20 хувь нь ахмадууд гэж гарсан.

-Номын баяр хэмээх энэхүү арга хэмжээ нь хүмүүсийн номны “цангаа”-г тайлж соён гэгээрүүлэх үүргийг гүйцэтгэдэг. Нөгөөтэйгүүр эдийн засгийн маш том хөшүүргийг бий болгож байна. Энэ талаар юу хэлэх вэ?

- Яг тийм. Эдийн засгийн хувьд маш том хөшүүрэг болж байгаа. Номын баяр маань номын бизнесийг тэлж байгаа. Улмаар шинэ ажлын байруудыг нэмэхэд хувь нэмрээ оруулж байна. Номын баяр ойртож буй энэ өдрүүдэд номын үйлдвэрүүд болон зураачид, дизайнерууд, эх зохиогчид, редакторууд, техникийн ажилтнууд гээд номын салбарынхан бүгд  завгүй ажиллаж байна. Номын ертөнц бол амьдралын бүх сэдэв. Энэ хүрээнд маш олон ажлын байр, нэмэлт орлогууд бий болж байна. Мэргэжлийн маш олон ном гарч байгаа. Энэ хэрээр мэргэжлийн үг хэллэгийг засах редакторуудын эрэлт, хэрэгцээ их байх жишээтэй. Мөн соёлын бүтээлч үйлдвэрлэл номын баярыг дагаад бий болж байна. Ном зохиолоос үүдэн кино, жүжиг шинээр тавигдаж байна. Наад зах нь аяга болон хивсэн дээр тухайн номын баатрын дүрс зургаар үлддэг гээд номын цагаан буян бизнесийнхэн болоод эдийн засгийг тэлж байна.

 -Манай номын баяр шиг үйл ажиллагааг дэлхийн хэчнээн улс оронд зохион байгуулдаг вэ?

- Манай Үндэсний хэмжээний номын баяртай ижил төстэй үйл ажиллагааг дэлхийн 100 гаруй оронд зохион байгуулдаг. Хэлбэр нь өөр боловч агуулга нь нэг.

-Энэ удаагийн номын баярын үеэр  судалгаа, датанууд хэр хийгдэх бол?

-Өмнө нь бид ямар агуулгын бүтээлүүдийг Номын баярт дэлгэв, оролцогсод болон бүтээлийн тоо, насны ангилалд судалгаа хийж байсан. Харин энэ удаад нарийн судалгаанууд хийхээр сайн дурын болон судалгааны баг ажиллуулахаар зэхсэн. Энэ номын баярын дараа тодорхой дата мэдээллүүдийг олон нийтэд хүргэнэ. 

-Дэлхий нийтэд цахим номын хэрэглээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа. Манай улсын цахим номын хөгжил ямар шатандаа явж байгаа вэ?

-Цахим номыг хэрэглэх дадал зуршлыг бий болгох, номын фондыг хүртээмжтэй болгох шаардлага байгаа. Хөгжлийн хувьд Монгол Улс эхний шатан дээрээ явж байна гэж хэлж болно. Түгжрэл дунд цахим ном сонсох бүрэн боломжтой. Тэр утгаараа шинэлэг платформыг бий болгон хөгжүүлэх шаардлага бий. 

-“Үндэсний номын баяр”-ын том амбиц нь “Дэлхийн номын нийслэл” болох зорилгыг агуулдаг. Үүнд хүрэхэд хэр ойр байна вэ?

-Иргэдийн унших түвшинг ахиулж, номын соёлыг нийтэд түгээн дэлгэрүүлэх замаар  “Дэлхийн номын нийслэл” болох зорилгыг  тавьсан. Энэ зорилгод хүргэх гол гүүр нь Үндэсний номын баяр юм.  Номын баяр нь унших, бичих, орчуулах, хэвлэн нийтлэх, түгээх үйл ажиллагааг дэмжиж, сурталчилдаг. Мөн үндэсний бичиг, соёл, өв, хэв маягийн элементийг сурталчлан таниулдаг, уламжлал шинэчлэлийг хослуулсан соёлын цөм үйл ажиллагаа гээд бүх хүмүүсийг нэгтгэдэг арга хэмжээ юм. Хүмүүсийг ном гэдэг ертөнцөд нэгтгэж, улс даяараа нэг зүгт харна гэдэг бол маш том зүйл. Энэ утгаараа бид дэлхийн анхааралд орох боломжтой. Түүнчлэн   ном, бичиг соёлоо дээдэлдэг номын баярын өдрүүдийг улс орон даяар өргөн тэмдэглэх үйл ажиллагаа болгон хуульчилсан нь  маш том дэвшил.

-Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түншээр ямар байгууллагууд ажиллах вэ?

 -Номын баярын хэвлэл мэдээллийн албан ёсны түнш байгууллагаар МОНЦАМЭ агентлаг, ТВ9 телевиз, Эрхэт Монгол медиа групп, дэмжигчээр МонНом апплейкшн ажиллаж байна.

-Уншигчид болон хэвлэн нийтлэгчдэд хандаж юу хэлэх вэ?

- Энэхүү баярт ном бичигч, зохиолч, яруу найрагч, редактор, эх зохиогч, дизайнер, орчуулагч, шүүмж судлаач, уншигч, Монгол оронд улсаа төлөөлөн суугаа гадаад орны элчин сайд, болон хэвлэлийн газар, номын дэлгүүр, номын клуб зэрэг номтой холбогддог бүх хүн, байгууллага оролцоно. 31 дэх удаагийн Үндэсний номын баярт та бүхэн хүрэлцэн ирж мэдлэгээ тэлж, хүндэлдэг номын зохиогчидтойгоо уулзаж, шинэ ном бүтээлтэй танилцаарай гэж урья.   

Ярилцсан Б.Ариунзаяа

Холбоотой мэдээ