Ховд аймаг 2023 он гэхэд бүх малаа ээмэгжүүлнэ

ОРОН НУТАГТ | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-18 16:43:38

Ховд /МОНЦАМЭ/. Швецарын хөгжлийн агентлаг Ховд аймагтай хамтран ажиллаж, хөдөө аж ахуй, эрүүл мэнд, боловсролын чиглэлээр олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирсэн.

Тодруулбал, “Малын эрүүл мэнд” төсөл Ховд аймагт 2018-2021 он хүртэл амжилттай хэрэгжиж, төслийн хүрээнд малыг ээмэгжүүлэх, бүртгэлжүүлэх ажлыг зохион байгуулжээ. Энэ ажлыг цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлж, Ховд, Увс, Баян-Өлгий гэсэн баруун гурван аймаг бүх малаа ээмэгжүүлэх зорилт тавьж байна.

Ховд аймгийн тухайд энэ жил үхрийг бүрэн ээмэгжүүлнэ. Ирэх 2023 онд бүх малаа ээмэгжүүлж дуусгахаар төлөвлөж байна.

Энэхүү үйл ажиллагаа нь малчид, малын эмч нар хамтран мал эмнэлгийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, малын шилжилт хөдөлгөөн зэрэг тухайн малын төрсөн үеэс хойших түүхийг илэрхийлэх үнэн зөв, баталгаатай мэдээллийг бүртгэн авч худалдан авагч, хэрэглэгчдэд харуулах, цаашлаад малын өвчний гаралт, тархалтыг тодорхойлох өндөр ач холбогдолтой аж. 

Иймээс Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны дарга Стефани Бурри, Хөтөлбөрийн ахлах зохицуулагч Л.Золзаяа нар өнөөдөр Ховд аймагт ажиллах үеэр Швейцарын хөгжлийн агентлагаас “Малын эрүүл мэнд” төслөө дахин үргэлжлүүлэн хэрэгжүүлж, хамтран ажиллах саналыг аймгийн удирдлагууд уламжилсан гэж ЗДТГ-аас мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ