Г.Ёндон: Газрын тосны нөөц, бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ҮАБЗ-д танилцуулна

Монголын мэдээ | Тодруулга
ariunbold@montsame.gov.mn
2022-05-18 12:55:19

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаан УУХҮЯ-наас Тамсагбулагийн сав газрын Тосон-Уул XIX, Тамсаг XXI талбайд үйл ажиллагаагаа явуулж байгаа “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ний үйл ажиллагааны талаар танилцуулсан байна.


Улмаар уг асуудлыг нарийн шалгах ажлын багийг Монгол, БНХАУ-ын Засгийн газрын комиссын монголын талын дарга, Шадар сайд С.Амарсайханаар ахлуулан байгуулсан байна. Мөн газрын тосны нөөц, бүтээгдэхүүн хуваах гэрээний талаар ҮАБЗ-д танилцуулга хийхийг УУХҮ-ийн сайдад үүрэг болгожээ. Түүнчлэн газрын тосны хаагуул, олборлолтыг сайжруулахыг аймгуудын Засаг дарга нарт чиглэл болгосныг УУХҮ-ийн сайд Г.Ёндон Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр мэдээллийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Газрын тосны олборлолтоос улсын төсөвт жилд хэдэн төгрөг төвлөрдөг вэ?

-Газрын тосны олборлолт 2012 онд эхэлсэн. Орд ашиглах төлөвлөгөөний дагуу жилд 1.5 сая тонн газрын тос олборлохоор төлөвлөөд байсан. Гэхдээ хамгийн ихдээ 1.1 сая тонныг гаргасан байна. Олборлолт эхэлснээс хойш 2021 оныг дуустал нийт 2 их наяд 35 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлсэн. Сүүлийн жилүүдэд жилд 200 тэрбум орчимыг төсөвт төвлөрүүлж байна.

-Бүтээгдэхүүн хуваах гэрээг өөрчлөх үү?

-Энэ гэрээг өөрчлөх асуудлыг Монголын талаас удаа дараа хөндөж байсан. АМГТГ хоёр удаа, УУХҮЯ хоёр удаа ажлын баг байгуулж байсан юм билээ. Гэхдээ тодорхой шийдэлд хүрч чаддаггүй. Анх 1993 онд АНУ-ын хэд хэдэн компанитай бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулахдаа тодорхой хэмжээний орлогын татвар болон нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхгүй гэж заасан юм билээ. Энэ гэрээг байгуулсан компанийн хувьцааг 2005 онд БНХАУ-ын “Петрочайна Дачин Тамсаг” худалдан авсан. Ингэснээр гэрээ тус компани руу бүх нөхцөлтэйгөөр нь шилжсэн гэсэн үг. Гэрээг өөрчлөх, сайжруулахдаа Монгол Улсын татварын багц хууль, газрын тосны хуульд нийцүүлэх асуудлыг хөндөж байгаа. Эдгээр хуульд татвар, шимтгэл авах заалт бүгд бий.

-Монгол Улсад газрын тосны хэдэн гэрээ байдаг вэ?

-Нийт 21 гэрээ байгаагаас ашиглалтын 4, хайгуулын 17 гэрээ байна. Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт амжилттай явж байгаа. Тэгэхээр үйлдвэр ашиглалтад орохоос өмнө олборлолтыг нэмэх, газрын тосны хайгуулыг явуулахад орон нутаг дэмжих талаар өнөөдөр Засгийн газрын хурлаар шийдвэрлэсэн.

Холбоотой мэдээ