“Илгээлтийн эзэд” булан үзэгчдийн сонирхлыг татаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-11 13:10:09

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хотын 60 жилийн ойг тохиолдуулан “Илгээлтийн эзэд” буланг музейн хамт олон нээжээ. Цар тахлаас шалтгаалан олны хүртээл төдийлөн болж чадаагүй уг буланг сүүлийн өдрүүдэд музейгээр үйлчлүүлж буй иргэд болон зорин ирж үзэж байгаа анги хамт олны тоо эрс нэмэгдсэн байна. 
1960-1980 оны айл өрхийн эдэлж, хэрэглэж байсан тавилга, ахуйн хэрэглэл, номын тавиур, хөргөгч, ор, пянз тоглуулагч, зурагт зэргийг дэлгэн тавьжээ. Өдгөөгөөс жаран нэгэн жилийн өмнө илгээлтийн эздээр ирж байсан анхдагчид анх Хараа зочид буудалд байрлаж, улмаар гэр бүл болон шинэ өргөөнд тусдаа гарахдаа эдэлж хэрэглэж байсан бүхий л зүйлийг нэг дор төвлөрүүлэхийг зорьжээ.

Уг буланд байршсан тавилгыг Дархан хотын уугуул иргэдийн хандив, Дархан сумын ЗДТГ-ын ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар худалдан авч тохижуулсан байна. Цаашид ч нэмэгдэх олон зүйл бий гэж музейн захирал Дархан нутаг судлаач, доктор, профессор Д.Жамбалдорж онцолж байна.

Сурагчид хамгийн түрүүнд хөргөгчийг нээж, дараа нь рекорд-345 телевизор, пянз тоглуулагчыг үзэж сонирхдог гэж музейн тайлбарлагч хэлж байлаа. Тухайн үед айл өрхүүд ямар ор хэрэглэдэг байсан, хөнжлийг хэрхэн хураадаг, чемоданыг томоос жижиг рүү өрж тавьсан нь хүүхэд багачуудын сонирхлыг ихэд татдаг аж.

Бас нэгэн сонирхолтой үзмэр нь радиог гар утастай холбон ажиллуулж хүссэн дуугаа сонсох боломжтой болгожээ. Өдөр бүр 07.00 цагт хүрдэг байсан “Өглөөний мэнд” нэвтрүүлгийг санагдуулж “Гэгээн өглөө сайн байна уу?” дууг үйлчлүүлж буй иргэдэд сонирхуулдаг ажээ. Түүнчлэн хос шаазан морь, орос, хятад сампин, Энх-Амгалан хаан, талсттай стакан, орны аравч, янтарь ханын цаг, хувцас угаахад хэрэглэдэг нидрүүлэг зэрэг олон үзмэр дэлгэжээ.

Цаашид хуучирч муудсан, эсвэл ашиглахгүй байгаа социализмын үеийг санагдуулахуйц тавилга, эд хогшлоо өөрийн овог, нэрээ бичиж үлдээн музейд хадгалуулах боломжтой. Мөн энэ сарын 18-ны өдөр тохиох дэлхийн музейн өдрөөр 18.00-23.00 цагийн “Музейн үдэш” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Тус өдөр үнэ төлбөргүй иргэдэд үйлчлүүлэх ажээ.

 

Холбоотой мэдээ