Кремль Ялалтын ойг тохиолдуулан гадаадын удирдагчдад илгээсэн В.Путиний мэндчилгээг нийтэлжээ

ДЭЛХИЙД | Улс төр
Jargal.d@montsame.mn
2022-05-09 11:14:06

МОСКВА. /vedomosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа Эх орны дайны ялалтын 77 жилийн ойг тохиолдуулан 10  гаруй улс, мөн Бүгд Найрамдах Донецк, Луганск Ард Улсад баярын мэндчилгээ илгээжээ. Тэрбээр илгээлтдээ нацизм дахин сэргэхээс урьдчилан сэргийлэхийг уриаллаа гэж Кремлийн цахим хуудсанд мэдээлжээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч  Азербайжан, Армени, Беларусь, Казахстан, Киргиз, Молдова, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Абхаз, Өмнөд Осети, БНДАУ, БНЛАУ-ын удирдагчдад болон иргэдэд, түүнчлэн Гүрж, Украины ард түмэнд баярын мэндчилгээ илгээсэн байна.


Ерөнхийлөгч “тоо томшгүй олон золиос, зовлон зүдгүүрээр нацизмыг бут ниргэсэн” цэрэг дайчид болон арын албаны ажилчдад хүндэтгэл, талархал илэрхийлж, шинэ үеийнхнийг эцэг, өвгөдийнхөө дурсгалыг хүндэтгэж зохистой хандахыг хүслээ гэж Кремль мэдээлжээ.


"Өнөөдөр бидний нийтлэг үүрэг бол янз бүрийн улс орны хүмүүст маш их зовлон авчирсан нацизм дахин сэргэхээс урьдчилан сэргийлэх явдал юм. Дайны жилүүдийн үйл явдал, ах дүүгийн нөхөрлөлийн оюун санааны нийтлэг үнэт зүйлс, уламжлалын тухай үнэнийг хойч үедээ дамжуулан хадгалан үлдээх шаардлагатай" гэж В.Путиний илгээлтэд дурдсан байна.


Оросын Ерөнхийлөгч БНДАУ, БНЛАУ-ын тэргүүн нарт тусад нь хандсан байна. В.Путин хэлэхдээ, өнөөдөр цэргийн албан хаагчид "төрөлх нутгаа нацистын бузар булхайгаас чөлөөлөхийн төлөө мөр зэрэгцэн тэмцэж байна. 1945 оны нэгэн адил ялалт биднийх болно гэдэгт итгэлтэй байна" гэжээ.


Тэрбээр Аугаа Эх орны дайны ахмад дайчид болон Украины ард иргэдэд хандаж хэлсэн үгэндээ “Аугаа Эх орны дайнд ялагдсан хүмүүсийн үзэл суртлын өв залгамжлагчдад хариугаа авах боломж олгох нь байж болшгүй явдал юм” гэж мэдэгджээ.


ОХУ-ын Ерөнхийлөгч Аугаа Эх орны дайны ялалтын 77 жилийн ойн цэргийн парадад оролцоно гэдгийг Кремль өмнө нь нотолсон байна. “Цэргийн парадын үеэр тэрбээр үг хэлэх бөгөөд парад дууссаны дараа уламжлал ёсоор Нэр нь үл мэдэгдэх цэргийн булшинд цэцэг өргөнө” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков хэлжээ.


Москва энэ жил Ялалтын өдрийн баярт гадаадын удирдагчдыг уриагүй гэж Д.Песков өмнө нь мэдээлсэн. Энэ жил “тэгш ой” тохиогоогүй учир ийм шийдвэр гаргасан гэж тэрбээр тайлбарласан байна.


ОХУ мөн тавдугаар сарын 8-нд Парист болсон Дэлхийн II дайн дууссаны баярт уригдаагүй байна. ОХУ-ын Элчин сайд Алексей Мешков хэлэхдээ, жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг энэхүү арга хэмжээнд Элчин сайд, цэргийн атташе нар уригдан оролцдог ч энэ жил уригдаагүй гэжээ.


Холбоотой мэдээ