Үндэсний бичиг үсгийн баярт 600 гаруй иргэн оролцлоо

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-05-09 15:07:21
Архангай /МОНЦАМЭ/. “Үндэсний бичиг үсгийн баяр-2022”-ыг энэ жил “Үндэсний бичиг үсэг - Монгол соёлын үнэт өв” уриан дор аймгийн Нийтийн номын санд зохион байгууллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч 2003 онд жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гаргийг Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдөр болгон зарлиг гаргасан. Архангай аймгийн ЗДТГ, Нийтийн номын сан жил бүр уламжлал болгон үндэсний хэл бичиг, түүнтэй холбогдолтой ёс заншил, уламжлал, өвийг судлах, сурталчлах, бичиг үсэг, ном судар бүтээдэг эд өлгийн түүхийг сурталчлан таниулж, уламжлан өвлүүлэх талаар олон нийтэд чиглэсэн олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, хүүхэд залуучуудад үндэсний бичгээ сурах хүсэл сонирхол төрүүлэх, эрмэлзэлд нь дэмжлэг үзүүлэх зэргээр өргөн олонд хүртээлтэй ажил өрнүүлэн ажилладаг.
Энэ жилийн "Үндэсний бичиг үсгийн баяр-2022"-т аймгийн Лаборатори 1-р сургууль болон 2, 3, 4, 5-р сургууль, Батцэнгэл, Тариат, Ихтамир, Хайрхан, Чулуут, Өгийнуур, Жаргалант, Төвшрүүлэх, Өндөр-Улаан, Эрдэнэмандал сумдын ЕБС-ийн
багш, сурагчид, МСҮТ, Архангай аймаг дахь багшийн сургуулийн оюутнууд, иргэд хөдөлмөрчид гээд нийт 600 гаруй хүн идэвхтэй оролцжээ.
"Түргэн уншлага", "Зөв сайхан бичигтэн" уралдаануудыг 6 -9-р анги, 10-12-р анги, насанд хүрэгчид гэсэн 3 насны ангиллаар, "Уран бичлэг"-ийн уралдааныг сурагч, насанд хүрэгчид гэсэн 2 ангиллаар зохион байгуулж, цахимаар 48, танхимаар 390 нийт 438 хүн зөвхөн уралдаан тэмцээнд нь оролцсон байна.
Уралдаануудын дүнг танилцуулбал, түргэн уншлагын төрөлд Хайрхан сумын ЕБС-ийн англи хэлний багш М.Нэргүй насанд хүрэгчдийн ангилалд тэргүүлсэн бол Хайрхан сумын ЕБС-ийн 12а ангийн сурагч М.Солонго, 3-р сургуулийн 7б ангийн сурагч М.Сарангоо нар өөрсдийн насны ангилалд тус тус тэргүүллээ.
Зөв сайхан бичигтэн уралдаан нь насанд хүрэгчид, ахлах, дунд ангийнхны дунд болсон. Насанд хүрэгчдийн ангилалд МУБИС-ийн магистрант Б.Дэнсмаа түрүүлсэн бол 4-р сургуулийн 11а ангийн сурагч Ч.Оюун-Эрдэнэ, Хайрхан сумын ЕБС-ийн 9а ангийн сурагч Б.Сарантуяа нар ахлах, дунд ангийн ангилалдаа түрүүлжээ.
Уран бичлэгийн уралдааны насанд хүрэгчдийн ангилалд 5-р сургуулийн МХУЗ-ын багш О.Баасан, сурагчийн ангилалд 4-р сургуулийн 11а ангийн сурагч Б.Билгүүнсаран нар түрүүллээ.
Мөн "Үндэсний бичиг үсгийн баяр-2022" үйл ажиллагааны хүрээнд "Нүүдэлчдийн бичиг үсгийн соёл" үзэсгэлэнг аймгийн Музейгээс, 4-р сургуулийн МХУЗ-ын багш Б.Цэрэндэжид, 5-р сургуулийн МХУЗ-ын багш О.Баасан, Тариат сумын ЕБС-ийн МХУЗ-ын багш Ж.Өнөрдулам нар сурагчдын хамт өөрсдийн бүтээлүүдээрээ үзэсгэлэн гаргаж оролцсон юм. Үзэсгэлэнгийн фото сурвалжилгыг хүргэе.