АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга “COVID-19”-өөр халдварлажээ

ДЭЛХИЙД | Улс төр
khulan@montsame.gov.mn
2022-05-05 09:22:51

ВАШИНГТОН. /VOA/. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений “COVID-19”-ийн шинжилгээний хариу лхагва гарагт эерэг гарсан бөгөөд хөнгөн шинж тэмдэг илэрч байгаа талаар Төрийн департамент мэдээлжээ.


COVID-19”-ийн вакцинд бүрэн хамрагдаж, нэмэлт тунг тариулаад байсан Э.Блинкен Ерөнхийлөгч Жо Байдентай сүүлийн өдрүүдэд биечлэн уулзаагүй тул ойр байсан хүмүүсийнх нь тоонд ороогүй гэж Төрийн департаментын мэдэгдэлд дурдсан байна.


Төрийн нарийн бичгийн дарга гэртээ тусгаарлагдаж, төлөвлөсөн ажлуудаа зайнаас гүйцэтгэнэ. Түүний коронавирусний шинжилгээний хариу мягмар гарагт сөрөг гараад байсан ч лхагва гаргийн өглөө эерэг гарсан байна.


Э.Блинкен өнгөрсөн амралтын өдрүүдэд Цагаан ордны сэтгүүлчдийн оройн зоог барих арга хэмжээнд оролцсон бөгөөд үүнд хэвлэл мэдээлэл, улс төрийн салбарын нэр нөлөө бүхий хүмүүс багтсан хэдэн мянган хүн цуглажээ.


Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгч Нед Прайсын мэдээлснээр, Э.Блинкентэй ойрын өдрүүдэд ойр байсан хүмүүст мэдээлэл хүргүүлэхээр холбогдох алба ажиллаж байгаа ажээ.


Э.Блинкен лхагва гаргийн өглөө Шведийн Гадаад хэргийн сайд Энн Линдетэй, мягмар гарагт Мексикийн Гадаад хэргийн сайд Марсело Эбрардтай уулзжээ. М.Эбрардын хувьд Э.Блинкентэй уулзсаныхаа дараа “PCR” шинжилгээ өгсөн талаараа “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


Э.Блинкентэй тогтмол уулздаг Н.Прайсын хувьд хэвлэлийн бага хурал болохоос нэг цагийн өмнө шинжилгээ хариу нь сөрөг гарсан байна.


Төрийн нарийн бичгийн даргын шинжилгээний хариу эерэг гарсан тул пүрэв гарагт товлоод байсан АНУ-ын засаг захиргааны баримтлах Хятадын бодлогын талаарх илтгэлийг нь хойшлуулжээ. 

Холбоотой мэдээ