ОХУ-аас хийн нийлүүлэлт зогссон тохиолдолд хэрэгжүүлэх төлөвлөгөө бэлтгэхийг уриалав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-05-03 11:48:52

БРЮССЕЛЬ. /TASS/. ОХУ-аас байгалийн хийн нийлүүлэлт зогссон тохиолдолд хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулахыг Европын Комисс /ЕК/ Европын Холбооны /ЕХ/ орнуудад уриалж байна. Энэ тухай Европын эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон даваа гарагт Брюссельд болсон ЕХ-ны Зөвлөлийн яаралтай хуралдааны дараа мэдэгдэв.


"ОХУ үүргээ биелүүлэхгүй байгааг бид бүгд харж байна. Энэ нь тэднийг найдваргүй нийлүүлэгч гэдгийг тодорхой харуулж байна. Тиймээс бүх улс орон байгалийн хийн нийлүүлэлт бүрэн зогсох тохиолдолд авах арга хэмжээний төлөвлөгөөтэй байх ёстой. Мөн бид нэгдүгээр сард ийм хувилбарт бэлтгэж эхэлсэн" гэж тэрбээр хэлжээ.


К.Симсон мөн ЕХ одоогоор шингэрүүлсэн хийг дээд хэмжээгээр хүлээн авч байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт нийлүүлэлтийн хэмжээ өдөрт 0.4 тэрбум шоо метрт хүрч, шингэрүүлсэн хийн терминалуудын хүчин чадал бараг 100 хувь ачаалалтай байгааг онцлон тэмдэглэв. Түүний хэлснээр, ЕХ-ны хий хадгалах байгууламжуудын дүүргэлтийн түвшин 32 хувь байгаа бөгөөд бүх улс оронд өсөж байна.


Үүний зэрэгцээ "ЕХ Оросын 155 тэрбум шоо метр [жилд] хийг бусад эх үүсвэрээс, ялангуяа хий хадгах газар доорх байгууламжуудаас бүрэн орлуулж чадахгүй гэдгийг  Европын комиссар хүлээн зөвшөөрчээ. Тиймээс тэрбээр ЕХ орнуудад эрчим хүчний өөр эх үүсвэрүүдийг эрчимтэй хөгжүүлэхийг уриалсан байна. К.Симсон мөн ЕХ-ны орнуудын хооронд үнийн өрсөлдөөнийг багасгахын тулд Европын Комиссоос хийн хамтарсан худалдан авалтыг идэвхжүүлнэ гэж цохон тэмдэглэжээ.


Үүнээс гадна, ЕК Оросын хийн төлбөрийг рублиэр хийх нь хориг арга хэмжээг зөрчсөн үйлдэл гэж үзэж байгаа бөгөөд ЕХ-ны компаниудад авч болох арга хэмжээний талаар дэлгэрэнгүй тайлбарыг ойрын өдрүүдэд өгөх аж.


Холбоотой мэдээ