“Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-02 18:39:06

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн аялал жуулчлалын салбарын анхдугаар чуулганы үйл ажиллагаа “Хосгүй үнэт Ховдыг нээцгээе” нэрийн дор энэ сарын 2, 3-ны өдөр өрнөж байна.     

Зөвлөгөөнд аймаг, сум орон нутгийн удирдлага болон Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо, аялал жуулчлалын бизнес эрхлэгч, судлаач, соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын төлөөлөл 150 гаруй хүн оролцож, туршлага солилцож байна.

Олон ястны өлгий-Ховд аймгийнхаа онцлогийг тодруулах, түүх, соёлын биет болон биет бус өвийг түгээн дэлгэрүүлэх, аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх зорилгоор энэ жил 3-4 цогц үйл ажиллагаа, эвентийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Тодруулбал, “Цайны зам” өв соёлын наадам, орон нутгийн брэнд бүтээгдэхүүнийг сурталчлах “Тарвасын баяр” гэх мэт ажлуудыг зохион байгуулах замаар аялал жуулчлалыг хөгжүүлж, аймгийнхаа эдийн засгийг нэмэгдүүлэх боломжтой гэж албаныхан үзэж байна.

Чуулганы үеэр аялал жуулчлалыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлого, баруун бүсийн аялал жуулчлалын хөгжлийн томоохон төслүүд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, тус салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар илтгэл мэдээлэл хэлэлцлээ.

Ховд аймгийн тухайд тогтвортой, байгальд ээлтэй, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэн “тулгуур салбар”-ыг бий болгох зорилтын дагуу “Гурван сэнхэр төвтэй таван од” аялал жуулчлалын дэд хөтөлбөрийг батлан хэрэгжүүлж, таван чиглэлд аяллын маршрут гарган гадаад, дотоодын жуулчин, иргэдэд санал болгож байгаагаараа онцлогтой.   

Энэ удаагийн чуулганы хөтөлбөрийн дагуу “Ховд аймгийн аялал жуулчлалын бүтээгдэхүүний ялгарал”, “Бүс нутгийн онцлог бүхий соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг хөгжүүлэх боломж”, “Орон нутгийн тур операторын үйлчилгээний тулгамдсан асуудал”, “Малчдын нөхөрлөлийн үйлчилгээ”-ний талаар ярилцаж, оролцогчдын асуултад илтгэгчид хариулт өгчээ.

Түүнчлэн чуулганы хүрээнд уран зураг, фото зургийн үзэсгэлэн гаргасан бөгөөд цагаан идээ, хөх тарианы гурил зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болж буй. 

Холбоотой мэдээ