Ховд аймагт 80 мянга гаруй иргэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-05-02 17:39:33

Ховд /МОНЦАМЭ/. Иргэн бүрийг эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах ажил тавдугаар сарын 1-нд улсын хэмжээнд эхэлсэн.

Ховд аймгийн тухайд 90500 орчим хүн амтай. Үүний 80 мянга гаруйг нь халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг шинжилгээ, оношилгоонд хамруулахаар тооцоолж байна. Өөрөөр хэлбэл, тус аймгийн Эрүүл мэндийн газраас шат шатны төр захиргааны байгууллагатай хамтран үзлэгт хамруулах хүн амын нарийвчилсан судалгаа гаргаж, бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.  

Эрт илрүүлгийн үзлэг 0-5, 6-17, 18-30, 31 -45, 46 – 60 нас, 61-ээс дээш гэсэн зургаан багцын хүрээнд явагдана. Ингэхдээ 0-17 насны хүүхдийн үзлэгийг сум, өрхийн  эрүүл мэндийн төвүүдэд,  18-аас дээш насны иргэдийн үзлэгийг лавлагаа шатны эрүүл мэндийн байгууллагуудад хийх юм. 

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дэргэдэх "Эрүүл мэндийг дэмжих төв", бүх сум, өрхийн эрүүл мэндийн төв болон хувийн хэвшлийн зарим эмнэлгийг түшиглэн эрт илрүүлгийн үзлэг, шинжилгээг зохион байгуулна. Эмч, мэргэжилтэн, тоног төхөөрөмжийн нөөц бий. Өдөрт 30 орчим иргэнийг тус эрүүл мэндийн үзлэг, оношилгоонд хамруулах төлөвтэй байна гэж салбарын мэргэжилтнүүд  онцоллоо.  

Хамгийн гол нь иргэн бүр харьяа эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагаас илгээсэн урилгын дагуу товлосон хугацаанд үзлэг, оношилгоонд хамрагдахыг уриалж байна. 

 

Холбоотой мэдээ