ОХУ-Украины хямрал Монголын эдийн засагт сөргөөр нөлөөлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2022-04-26 14:28:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсын импортыг бүтцээр авч үзвэл хойд хөрш ОХУ нийт импортын 32 хувийг эзэлж байна. Урд хөрш БНХАУ-тай хийж буй 30.7 хувийн импортоор авч үзвэл ОХУ 2 гаруй хувиар илүү юм. Тэгвэл дээрх байдал Орос-Украины хоорондох хямралт нөхцөлөөс үүдэн өөрчлөгдөж байна. Тодруулж хэлбэл, Орос-Украины хямралт нөхцөл манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлж, олон сорилт тулгарч байна. Жишээ нь, инфляцын түвшин өндөр хэмжээнд буюу 14.2 хувьд хүрсэн. Инфляц өсөхөд тээвэр логистикийн байдал, ОХУ-аас авдаг шатахууны үнэ (өмнөх оны мөн үетэй харьцуулахад 65 хувиар өссөн нь) нөлөөлснийг Банк, санхүүгийн академийн гүйцэтгэх захирал Г.Бумчимэг дурдаж байна. Тэрбээр Монголын банкны холбооноос өнөөдөр хамтран зохион байгуулсан “Орос-Украины асуудлаас үүдэлтэй Монгол Улсын эдийн засагт тулгарч буй сорилтууд” сэдэвт хэлэлцүүлэгт манай улсын эдийн засгийн байдлыг товч танилцуулах үеэр ийнхүү мэдээлэв.




Манай улс он гарснаас хойш 2.5 сая тонн (сүүлийн мэдээллээр 3.3 сая тонн) нүүрс экспортолжээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад маш бага үзүүлэлт болж, экспортын энэхүү бууралт улмаар энэ нь төсөв, санхүү, төлбөрийн тэнцэл, бүхэлдээ эдийн засгийн өсөлтөд нэлээн сөргөөр нөлөөлж байна. Оны эхний улирлын байдлаар нүүрсний экспорт өмнөх онтой харьцуулахад 16 дахин, төмрийн хүдрийн экспорт 4 дахин буураад буйг дурдлаа.



ОХУ-тай хийж худалдаа манай улсын нийт импортын 32 хувийг эзэлдэг.  Орос-Украины хямралт байдал Монголын эдийн засагт сөргөөр шууд нөлөөлж байна.


Импортын хэмжээг мөн өнгөрсөн оныхтой харьцуулахад 11 хувиар нэмэгджээ. Үүнд үнийн өсөлтөөс шалтгаалж нефтийн бүтээгдэхүүнийн үнэ өсөж, уг импортод зарцуулж буй зардал нэлээн нэмэгджээ. Орос-Украины хямралт байдал, цар тахлын нөхцөлөөс шалтгаалж инфляцын түвшин 14.2 хувьд хүрч, өндөр хэвээр байна. Ханшийн сулралтыг эсрэг Төвбанк бодлогын хүүгээ 2.5 нэгж хувиар огцом өсгөсөн дүр зурагтай байгааг мэдээллээ.

Ковидын цар тахлын сөрөг нөлөө, дараалаад Орос-Украины хямралт байдалд дэлхийн улс орнуудын инфляц мөн өндөр түвшинд байна. Гэхдээ манай улсын түвшин бүс нутагтаа болон олон улсын хэмжээнд өндөр байгааг тэмдэглэж байв. ОХУ-аас манай улс:

  • нийт хүнсний бараа бүтээгдэхүүнийхээ 27 хувийг,
  • бордооны 88 хувийг,
  • шатахууны 90 хувийг,
  • цахилгааны 20 хувийг,
  • нийтдээ манай улсын импортын 28 хувийг хойд хөршөөс авч байна.




Манай улсын гадаад валютын албан нөөц 4.8 тэрбум ам.доллар байсан бол энэ оны I улирлын сүүлээр 3.2 тэрбум ам.доллар болж, Орос-Украины хямралт байдал валютын ханш болон нөөцөд нөлөөлж байна гэв. Эдийн засгийн өсөлт ковидын цар тахлаас үүдэн буурсан ч энэ онд буцаад сэргэнэ гэж үзэн төсөөлж байсан боловч мөн л Орос-Украины хямралт байдлаас болж буураад байна гэв. Дэлхийн банкны таамаглаж буйгаар эдийн засгийн өсөлт энэ онд 2.5 хувь байх суурь төсөөлөл байгааг хэлэв. Энэхүү төсөөллийн цаана жишээ нь, 18 сая тонн нүүрс гаргана гэсэн тооцоо бийг дурдлаа.




Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар, өнөөдрийн хэлэлцүүлгийг Орос-Украины хямралт байдал манай улсын эдийн засагт хэрхэн нөлөөлөх талаар цогцоор мэдээлэл өгөх зорилготой хийж байгааг дурдаж, эдийн засагч, судлаач нарыг нэг дор мэдээлэл өгөх боломжийг гаргаж, цахимаар олон нийтэд хүргэж байна гэв.

Оролцогчдын байр суурь, саналыг хүргэж байна. Хэлэлцүүлэгт оролцсон Олон улсын харилцааны судлаач, профессор Д.Баярхүү хэлэхдээ, энэхүү хямралт байдал нь газар нутгаас хамааралтай геополитикийн бодлогоос үүдэлтэй хэмээн хэлж, үүнээс улбаалан дэлхийн дэг журам өөрчлөгдөж буйг тодотгов. Тэрбээр Орос-Украины хямралт байдалд Монгол Улс төвийг сахисан бодлого, байр сууриа улам тодотгох шаардлагатай байгааг онцоллоо.




Эдийн засагч, судлаач Н.Энхбаяр, манай улсын эдийн засаг гадаадын нөхцөл байдлаас үүдэлтэй цочролын байдалд эмзэг байна. Энэ нь манай улсын эдийн засгийн бүтэц төрөлжөөгүй, эрсдэлтэй байгааг харуулж байна гээд, энд эдийн засгийн бүтцээ зөв тодорхойлон тогтвортой мөрдөж буй Вьетнам улсын эдийн засгийн жигд өсөлтийн жишээг дурдаж байв. "Вьетнамын эдийн засаг сүүлийн 20 жилийн турш тогтмол 5 хувиар өссөн. Тэд эдийн засгаа төрөлжүүлж чадсан тул гаднын ямар нэг гэнэтийн үйл явдлыг цочрол багатай даван туулж байна. Харин бид эмзэг эдийн засагтай хэвээр байна. ОХУ Украин руу дайрах магадлал 70-80 хувьд хүрснийг судлаачид өнгөрсөн оны 12 дугаар сард анхааруулж, танилцуулж байсан. Гэвч авч хэлэлцээгүй. Бидэнд энэ бүхэн хэрхэн нөлөөлөх гэвэл “Роснефть” компани болон газрын тосны бүтээгдэхүүн эдийн засгийн хоригт өртөөгүй тул бидэнд нөлөөлөхгүй. Бид тус улсаас бордоо авдаг. Энэ хаврын тариалалтад шаардлагатай бордоог авсан” гэв. Тэрбээр хямралт байдалтай холбоотойгоор авах арга хэмжээнд дотооддоо худалдан авах чадварыг ямар ч байдлаар дээшлүүлэх хэрэгтэйг хэлж байв




Эдийн засагч Б.Лхагважав хэлэхдээ, Орос-Украины хямралт байдалд олон улсад 4-5 блок бүхий улс орнуудын хуваагдмал байдлыг бий болгож байна. Энэ нь геополитикоос аваад эдийн засгийн хувьд ч тэр Монгол Улсыг хүнд байдал оруулж байна. Манай улс өнөөдөр ковидоос улбаатайгаар ядууралд автсан, эдийн засаг, бизнест бүх юмаа шавхчихсан байдалд байгааг хэлж, ийм байдалд байгаа бизнес эрхлэгчид өнөөдөр бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээгээ үнэтэй ч гэсэн үзүүлж борлуулж байна гэв.




Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс, хэлэлцүүлгийн үеэр манай улсад валютын ханш өссөнтэй холбоотойгоор мөнгө, санхүү, банкны салбарын хүрээнд гадаад валютын хяналт
(контроль) тавьж байгаад шүүмжлэлтэй хандаж байв. Тэрбээр, "Манай улс энэ шийдвэрийг түүхэндээ анх удаа гаргалаа. Өмнөх хямралын үеэр энэ шийдлийг хөндөхөд ОУВС, Дэлхийн банк зэрэг байгууллага хөрөнгийн урсгал чөлөөтэй байх ёстой, ханшийг хүчээр тогтвортой байлгах нь буруу гэж үзэж байсанАм.долларын үнийг эрэлт нийлүүлэлт тогтооно. Харин дотооддоо хоёр янзын ханш “тогтоод” буйг анхаарах ёстой байна гэсэн саналаа хэлж байлаа. Тэрбээр, “Барааны үнэ нэмэгдэж, ам.долларын бодит ханш өслөө. Манай улсад мөнгөний нийлүүлэлт сүүлийн жилүүдэд тогтмол 10 хувиар өссөж ирсэн. Энэ нь ханшийг өсгөсөн нэг хүчин зүйл мөн. Ханшийн өсөлтийг дан ганц төлбөрийн тэнцлээр тайлбарлах хангалтгүй. Төв банкны үнэт цаасанд банкууд 6 их наяд төгрөг  байршуулсан. Үүнийг зээл болгон гаргах хэрэгтэй" гэсэн байр сууриа илэрхийлэв. 

Эцэст нь, хэлэлцүүлэгт оролцогч Монголын Тээвэр зуучлагчдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эй Си Даблью транс” ХХК-ийн ерөнхий захирал Х.Дэлгэрцэцэг, Орос-Украины хямралт байдлаас улбаатайгаар барууны болон дэлхийн бусад улс орон ОХУ-ын эсрэг хориг тавиад буй, мөн уг хоригтой холбоотойгоор Евро-Азид хамгийн их тээвэр гүйцэтгэдэг, ОХУ болон Европоос Монгол руу 80 хувийн тээврийг хийдэг Беларусь улсын транзит тээврийг олон улсын зүгээс зогсоогоод байгаа өнөөгийн нөхцөлд Монгол Улс бүс нутагтаа, цаашлаад Европ руу транзит тээвэр хийх боломж бийг дурдлаа. 




Гэхдээ энд ачаа тээврийн олон улсын конвенци, гэрээ хэлэлцээрт нэгдэж ирээгүйтэй холбоотойгоор манай улсад олон улсын тээвэр хийх эрхзүйн байдал дутагдаж үгүйлэгдэж байна гэв. Европын чиглэлд ачаа тээвэр хумигдаж буй өнөөгийн нөхцөлд БНХАУ руу хийх агаарын болон төмөр зам, автозамын чингэлэгт тээвэрлэлтийг нэмэгдүүлэх гарцаагүй нөхцөл байдал үүсэж буйг хэлээд, энд бид ганц Тянжинь бус Хятадын Циндао зэрэг худалдааны боомтыг ашиглах хэрэгтэй байна гэсэн саналаа илэрхийлэв. Дээрх нөхцөл байдалд тээврийн зардлыг бууруулах талд анхаарах хэрэгтэй байна гэв. 

Гэрэл зургуудыг Н.Батбаяр

Холбоотой мэдээ