Газар Дундын тэнгисийг 250 мянга гаруй цагаач, дүрвэгч гаталжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-01 17:23:02

ЖЕНЕВ. /АР/. 2016 он гарснаас хойш долдугаар сарын эцэс хүртэлх хугацаанд 250 мянга гаруй цагаач болон дүрвэгч Газар Дундын тэнгисийг гатлан Европт очсон гэж Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллага мэдэгдлээ.

Цагаачлалын асуудал хариуцсан олон улсын байгууллагын албаны хүмүүсийн мэдэгдсэнээр, энэ хугацаанд Газар Дундын тэнгисийг гаталсан цагаач болон дүрвэгчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 30 мянга гаруйгаар нэмэгдсэн байна.

Тэдний олонх нь Грек болон Италид очжээ. Өнгөрсөн тав болон зургадугаар сард л гэхэд 42300 хүн Италид очсон аж.

Харин он гарснаас хойш тус тэнгисийг гатлах явцдаа 3034 хүн амиа алдаж, сураггүй болжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1000 гаруйгаар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Энэ онд Хойд Африкаас Италид өнгөрсөн оныхоос олон дүрвэгч очих төлөвтэй байна гэж тус байгууллага мэдэгдэв.

Өнгөрсөн оны 8-10 дугаар сард Газар Дундын тэнгисийг гаталсан цагаачид болон дүрвэгчдийн тоо оргилдоо хүрч байжээ. Цагаачидтай холбоотой асуудлыг шийдвэрлэхийн тулд бид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтран ажиллаж байна гэж тус байгууллагын албаны хүмүүс хэллээ.


Г.Доржханд

Холбоотой мэдээ