Хамарын хийдээр зочлоорой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-20 16:41:07

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Сайншанд сум бол гадаад, дотоодын аялагч жуулчдын сонирхлыг татсан байгалийн болон түүх дурсгалын олон газартай.

Тус аймагт жилдээ 120 гаруй мянган гадаад, дотоодын жуулчин зочилдог бөгөөд тэдгээрийн ихэнх нь Хамарын хийд, Энергийн төв, Ханбаянзүрх хайрханыг зорьдог. Тиймээс тус суманд аялахаар ирсэн хүмүүс ямар зүйлийг үзэж болохыг  тоймлон хүргэе.

Цаашид аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг нэмэгдүүлж, жилийн дөрвөн улиралд жуулчдыг татах, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор энергийн төв Хамарын хийдийн орчмыг тохижуулах, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтад суурилж томоохон үйлчилгээний төв барих ажлыг гүйцэтгэхээр төлөвлөж  байна.

 

Хамарын хийд

       

Дорноговь аймгийн төв Сайншанд хотоос урагш 45 километрт байдаг. XIX зууны үеийн Монголын нэрт соён гэгээрүүлэгч, яруу найрагч, ноён хутагт Д.Данзанравжаа 1820 онд 17 насандаа Өвөр хамар гэдэг газар Хамарын хийдийг байгуулжээ. Хамарын хийд нь 1938 оноос өмнө Зүүн хүрээ, Баруун хүрээ, Цохон, Дүйнхор гэсэн дөрвөн хэсэгтэй, Лам нарын, Хамбын, Багшийн, Номчийн зэрэг дөрвөн аймагтай, Авга, Чойр, Ламрим, Дүйнхор, Хүүхдийн дацантай улааны шашны хийд бөгөөд 80 гаруй сүм хийд, 500 гаруй ламтай байжээ.

Хамарын хийдийг устгах үед лам Г.Түдэв Ноён хутагт Д.Данзанравжаагийн шарилын сүмээс 64 авдар эд зүйлсийг нуун авч 1990 он хүртэл газар булах, агуйд нууж дарах зэргээр 52 жилийн турш үе улиран хадгалж иржээ. Тэдгээр үлдсэн зүйлийг Хамарын хийдэд эргүүлэн залснаар тус хийдийн үйл ажиллагаа сэргэсэн байна. Одоо тус хийд нь 10 гаруй ламтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

Ноён хутагт Д.Данзанравжаа улааны шашныг монгол хүний бие, оюун санаанд хамгийн тохирсон шашин гэж үзэж тухайн үеийн нийгмийг шүүмжилж шинэтгэхийг зорьж байсан ба Хамарын хийдэд Монголын анхны театрыг 1830-аад онд “Намтар дуулах дацан “нэртэйгээр байгуулсан юм. Энэ нь Монголын театр урлагийн түүхэнд анхны театр байсан гэж судлаачид үздэг. Хамарын хийдэд театраас гадна “Хүүхдийн дацан” нэртэй сургуулийг байгуулж, хүүхэд багачуудаас гадна эмэгтэйчүүдийг сурч боловсорч бичиг үсэгтэй болохыг дэмжиж байжээ.

  

Өвгөн суварга

 

1823 онд Ноён хутагт анх энэхүү суваргыг Монгол төрийг мандан бадруулах, ард түмнээ өвчин зовлонгүй, нутаг орноо ган зудгүй, амар жимэр аж төрөхийн тухайд бүтээн байгуулсан боловч 1937 онд буулгасан байна. Иймээс Монголын хамгийн том энэхүү суваргыг дахин шинээр сэргээн бүтээж 2011 онд нээлтээ хийсэн юм.

Шинээр бүтээсэн 32 м уг суваргын таван талд язгуурын таван бурхан залж, оройд нь соёмбо байршуулжээ. Уламжлалын дагуу тарнийн хүчийг оршоож, олон боть цай, арц, иж бүрэн тавилгатай таван ханатай хоёр гэр, бурхан шүтээн, улааны шашны номын дагуу лүйжин тавьж байгаа ламтны шуумал дүр, торго дурдан зэргийг шүншигт нь хийсэн байна.

Мөн оройн хэсгийн бунхан дотор Ноён хутагтын номлосон сургаалийн дагуу жинхэнэ шүншгийг нь хийж битүүмжилжээ. Гол амин мод буюу сорогшинг Минжийн хангайгаас залсан бөгөөд уг суваргын дотор орших бурхан шүтээн, хана туурганы чимэглэл сэлт нь хүний хараа булааж, бишрэл төрүүлэм дахин давтагдашгүй ур хийцтэй, шашин урлаг соёлын гайхамшигт дурсгал болсон. 

 

Шамбалын орон буюу Энергийн төв


Говийн тавдугаар дүрийн Ноён хутагт Лувсанданзанравжаа шавь нарын хамт 1851 онд Хамарын хийдийн Дүйнхорын дацанд Цагийн хүрдний ном буюу Дүйнхорын хурал хурж, цам харайгаад Шамбалын оронд залрах мөрийг гаргаж, олон сүсэгтнийг Шамбалын оронд дагуулах ерөөл тавьсан гэдэг. Хамарын хийд байгаа газар бол энерги ихтэй, газрын доор амин судалтай хэмээн үзэж Шамбалын оронд зорчих цэгийг тодорхойлжээ. Шамбалын орны эзнийг Улаан хүлэг баатар байдаг хэмээн үздэг. Шамбалын орон гэдэг нь оюуны орон гэсэн үг бөгөөд зөвхөн сүнс юмуу оюун  санаагаараа очиж чадах Бурхны орон гэсэн утгыг илэрхийлдэг. Одоо хийдийн дэргэд байгаа Шамбалын орныг тойруулан суварга бүхий хашаа босгог тохижуулж, Гаадамбын 77 боть судрыг залсан. Шамбалын орон 25 хаадтай бөгөөд жил бүр тэдэнд зориулан тус хийдийн лам нар тахилга үйлдэж ном уншдаг.

 

Бурхны мэлмий

Шамбалын орны үүд хэмээн нэрлэгддэг хана бөгөөд бурхны мэлмийг дүрсэлсэн байдаг. Дэлхий ертөнц өөрчлөгдөхөөс өмнө их гэгээрлийг олж байсан гурав дахь ертөнцөд оюун ухаан өгсөн хүний мэлмий хэмээнэ. Энэ мэлмийг ширтэж бие, хэл, сэтгэлээр үйлдсэн гэмийг ариусган засахыг даатгаснаар засал ном уншуулаагүй хүмүүст засал болж байдаг.

 

Бясалгалын агуй


Хамарын хийдийн цогцолбор газарт эрт үед даяанч нар сууж, бясалгал үйлдэж байсан 108 агуй, эхийн умай, өвчин, гэм арилгагч хад, сүсэгтнүүд сакура хэмээн нэрийддэг бүйлс модтой жалга судаг бүхий эргэл мөргөлийн газрууд болон Луутын цав хэмээх улаан, шар, хөх шавартай, дов толгод бүхий сонин тогтоцтой цав бий. Эндээс Иогундант хэмээх өвсөн тэжээлт аварга үлэг гүрвэлийн ясыг судлаачид олжээ. Мөн өөр бусад төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан яс, дун хясаа зэрэг тэнгисийн амьтдын болон ургамлын үлдэгдэл мэр сэр тохиолдоно.

                                                                                                  

 Хүсэл биелүүлэгч Ханбаянзүрх хайрхан

 

Хийдээс баруун хойно 20 км гаруй зайд Хан Баянзүрх хэмээх уул байдаг бөгөөд нутгийнхан Хүслийн уул, Хар уул, Шарилын уул гэх мэтээр нэрлэж иржээ. Энэ уулыг эртнээс тахиж ирсэн уламжлалтай. Уулын оройд байх овоо нь эрт цагт онголон дархалж аравнайлсан шүншиг, ганжир, хадаг, хийморийн дарцаг зэргээр чимэглэгдсэн байжээ. 1930 оноос өмнө овооны орой нь Хан хүний өмсдөг малгайтай ижил эрдэнийн чулуун чимэг бүхий титэм бүхий ганжиртай байжээ. Хан гэдэг нь тус ууланд олгосон цол бөгөөд Монгол оронд Хан, Богд, Гүн, Бээл, Бээс, Зайсан гэх мэт цолд өргөмжлөгдсөн 120 орчим уул бий хэмээн судлаачид үздэг. Чин сэтгэлээсээ мөргөж залбирч чадвал хүсэл биелдэг гэдэг билээ.

 

 

 

Холбоотой мэдээ