Бангладешийн цагдаа нар террорист бүлэглэлийн 200 орчим гишүүнийг баривчилжээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2016-08-01 11:38:37

ДАККА. /Xinhua/. Одоогоос нэг сарын өмнө олон хүнийг барьцаалан 20 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарсантай холбогдуулан нэгэн террорист бүлэглэлийн гишүүд байж болзошгүй 200 орчим хүнийг Бангладешийн цагдаа нар баривчилжээ.

Тус улсын терроризмтой тэмцэх ажиллагаа хариуцсан цагдаагийн алба хаагч энэ тухай мэдэгдлээ.

Нийслэл Дакка хотын ресторан руу зэвсэгт этгээдүүд дайрч орон гадаадын иргэд голдуу 20 гаруй хүний аминд хүрсэн хэрэг гарснаас хойш нэг сар өнгөрөөд байгаа ч Бангладешийн хүчнийхэн сонор сэрэмжээ дээшлүүлсэн хэвээр байна.

Дээрх халдлагыг нэгэн террорист бүлэглэлийг үйлдсэн гэж цагдаа нар үзэж байгаа аж. Тус бүлэглэл нь 11 жилийн өмнө террорист бүлэглэлийн жагсаалтад орж байсан дотоодын хэт давруу үзэлтнүүдийн бүлэглэлийн жигүүр бололтой.

Тус бүлэглэлийн 200 орчим гишүүнийг баривчилсан гэж цагдаа хэлэв. Түүний хэлснээр, тус бүлэглэл “Лалын улс” эсвэл “Аль-Каида” бүлэглэлтэй шууд холбоотой нь тогтоогдоогүй боловч эдгээр бүлэглэлийн нэр болон үзэл суртлыг ашигладаг ажээ.

Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт нийслэл Дакка хотод цагдаа нар терроризмтой тэмцэх ажиллагааны хүрээнд нэгжлэг хийх үеэр 9 зэвсэгт этгээдийг устгасан юм. Тэдний “нуувч” болох байрнаас “Лалын улс”-ын туг болон зэвсэг олдсон билээ.

Энэ 9 сэжигтний нэгийг ресторан руу халдсан этгээдүүдийг сургаж бэлтгэсэн гэж цагдаа нар сэжиглэж байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ