Японы нийслэлийн даргаар анх удаагаа эмэгтэй хүн сонгогдлоо

Дэлхийд | Улс төр
dorjkhand@montsame.mn
2016-08-01 11:38:16

ТОКИО. /Kyodo/. Японы Батлан хамгаалахын сайд асан Юрико Койкэ Токио хотын захирагчийн сонгуульд ялжээ. Ингэснээр тэрбээр Японы нийслэлийг удирдах анхны эмэгтэй хүн болж байна.

Бие даан нэр дэвшсэн Койкэ  хоёр өрсөлдөгчөө илт давуу ялжээ.

Койкэ 2.9 сая гаруй санал авсан бол эрх баригч эвслээс нэр дэвшсэн Дотоод хэргийн сайд асан Хироя Масүдэ 1.8 сая санал, сөрөг хүчний 4 намын нэр дэвшигч Шүнтаро Торигоэ 1.3 сая орчим санал авсан байна.

Сонгогчдын ирц 60 орчим хувьтай байсан аж. Энэ нь хоёр жилийн өмнө явуулсан сонгуулийн ирцээс бараг 14 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гэнэ.

Койкэ нь Хиого мужид төрсөн бөгөөд 64 настай.

Тэрбээр Египетэд Каирын их сургуулийг төгссөн бөгөөд телевизэд нэвтрүүлэгчээр ажиллаж байжээ. 1992 онд тэрбээр Японы Шинэ намын сонгуульд нэр дэвшин парламентын дээд танхимын гишүүн болсон аж.

Японы Ерөнхий сайд Жүничиро Койзүмигийн засгийн газрын үед тэрбээр Байгаль орчны сайдаар ажиллаж байжээ.

2007 онд одоогийн Ерөнхий сайд Шинзо Абэ түүнийг Батлан хамгаалахын сайдаар томилжээ. Тэрбээр Японы Батлан хамгаалахын сайдаар ажилласан анхны эмэгтэй хүн юм.

Хатагтай Койкэ сонгуулийн кампанит ажлын үеэр “Токиогийн бодлого боловсруулах үйл явцыг илүү ил тод болгоно” гэж амлаж байжээ. Мөн тэрбээр 2020 оны Токиогийн Олимп болон Паралимпын төсийг эргэн харж, хүүхдүүдийн өдөр өнжүүлэх төвүүдэд ажиллах хүчин дутагдалтай байгааг  шийдвэрлэж, хотын хөгжлийг хөхиүлэн дэмжихийн зэрэгцээ байгаль орчин хамгаалалд анхраалаа хандуулна гэж амлажээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ