Г.Баярсайхан: Найман аймгийн 70 сумаас нэхий элдүүлэх захиалга ирсэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-04-18 19:00:14

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Рашаант суманд хувиараа хөдөлмөр эрхлэгч Гантулгын Баярсайхан гэдэг залуутай уулзлаа. Тэрээр нэхий боловсруулах цех ажиллуулж хөдөөгөөр нэг хөглөрсөн арьс, ширийг хэрэгцээтэй, эдэлгээтэй бүтээгдэхүүн болгож чаджээ.

Өнгөрсөн жил үхрийн шир 100 гаруй, хурганы арьс 8-9 мянган ширхгийг боловсруулсан. Ойролцоогоор 5000 нэхий элджээ. Тоног төхөөрөмжөө “Шинэ хөдөө” төслөөс авчээ. Халимлах, элдэгч зэрэг техниктэй. Зарим төхөөрөмжийг өөрсдөө санаачлан бүтээмжийг нь нэмэгдүүлээд байгаа аж.

- Та бүхэн Дарханы нэхий гэж сонссон байх. Тийм хэмжээний бүтээгдэхүүн гаргахаар зарим төхөөрөмжтэй боллоо. Үхрийн шир, хонины арьс нимгэлдэг хөрсийг хусдаг техник бий. Дархан нэхий их нимгэн байдаг шүү дээ. Түүнтэй адил болгодог. Сур элддэг машин авсан. Тоног төхөөрөмжийн хувьд үйлдвэрлэл явуулахад бэлэн гэж Г.Баярсайхан ярьж байна.



- Бүтээгдэхүүний борлуулалт ямар вэ?

- Борлуулалт сайн шүү дээ. Хүмүүс нэхий ширээ буцаад хэрэглэдэг болсон. Манай элдсэн нэхий чийг авсан ч дарайхгүй эдэлгээ сайн болохоор малчид хэрэглэх нь улам нэмэгдэж байгаа. Түүхий эд элбэг, бид цуглуулж байна. Бас хүмүүсийн захиалгаар арьс, шир элдэнэ. Баян-Өлгий аймгаас захиалга ирж байна. Ховдоос ч бас ирсэн. Хүмүүс түүхий эдээ элдүүлээд буцаагаад авдаг боллоо. Уржнан жилээс эхлэн найман аймгийн 70-аад сумаас ирж арьс ширээ элдүүлж үйлчлүүлсэн.

Арьс шир боловсруулдаг бодис үнэд орсноос шалтгаалаад бүтээгдэхүүний өөрийн өртөг нэмэгдэж байна. Хурганы арьсыг өмнөхөөс 1000 төгрөгөөр илүү үнээр элддэг боллоо. Үхрийн ширийг 150-160 мянган төгрөгөөр боловсруулахгүй бол ашиггүй болчихоод байна. Бидний хувьд орон нутагт үйлдвэрлэл эрхлэх боломж бүрэн байгаа. Түүхий эд бэлэн, хангалттай байна. Ямар ч ажлыг хийхэд зүтгэл хэрэгтэй л дээ гэж тэрбээр хэллээ.



Холбоотой мэдээ