Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Одоогийн хуулиар регистрийн дугаарыг ил харагдахаар бичиж байгаа эрх зүйн зохицуулалтыг өөрчилж, “Иргэний шинэчилсэн бүртгэл явуулах тухай” 100 дугаар тогтоолд заасны дагуу иргэний биеийн давхцахгүй өгөгдлийн бүртгэлд бүртгүүлсэн насанд хүрсэн иргэдэд улсын бүртгэлийн мэдээллийн сангаас өгсөн 12 оронтой иргэний бүртгэлийн дугаарыг ил харагдахуйц бичихээр төсөлд тусгасан. Үүнтэй уялдуулан иргэний үнэмлэхийн санах ойд иргэний овог, эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, иргэний бүртгэлийн болон регистрийн дугаар, хүйс, оршин суугаа газрын хаяг, тоон гарын үсгийн мэдээллийг тусгахаар тогтоожээ.
Иргэний улсын бүртгэлийн баримт бичгийн үнэн зөв байдлыг хангах, иргэнд эдийн засгийн аливаа дарамт, хүндрэл бэрхшээлийг учруулахгүй байх, эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэний оршин суугаа газрын хаягийн мэдээллийг иргэний үнэмлэхийн санах ойд тусгахаар зааж байгаа аж. Түүнчлэн “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн хэрэгжилтийг хангах тухай” Монгол Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, иргэний бүртгэлийн дугаарт үндэслэн төрийн үйлчилгээг үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахыг Засгийн газарт даалгахаар төсөлд тусгасан байна.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар иргэд иргэний үнэмлэхээ солих хэрэгтэй болох эсэхийг тодрууллаа. Мөн хүн бүр үнэмлэхээ сольвол багагүй зардал гарах бөгөөд хэмнэлтийн горимд шилжиж байгаа энэ үед зардал гаргах нь зохисгүй гэлээ.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, "Энэ асуудлыг ямар нэг нэмэлт зардал гаргахгүйгээр шийдэж байгаа. Иргэдийн гар дээр байгаа иргэний үнэмлэх хүчин төгөлдөр хэвээрээ байна. 16 нас хүрч шинээр, 25, 45 насанд үнэмлэхээ шинэчлэн сольж буй иргэдэд шинэ загварын иргэний үнэмлэх олгоно. Шилжилт хөдөлгөөн хийж гэрийн хаяг нь өөрчлөгдсөн, эсвэл үнэмлэхээ шинэчлэхийг хүссэн хүмүүст шинэ үнэмлэх авах эрх нь нээлттэй" гэлдээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу Байнгын хороо хуулийн төслүүдийг зүйл бүрээр нь хэлэлцсэн бөгөөд Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо. Уг хуулийн төслийг энэ долоо хоногийн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр товлоод байна.