Ховд аймагт 85 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-12 16:40:39

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт өнөөдөр "Эрдэс баялагийн салбарын хууль тогтоомжийн хэрэгжилт, тулгамдаж буй асуудал, шийдэл" сэдэвт хэлэлцүүлэг болж байна.

Үүнд аймаг, сумын удирдлагууд, холбогдох байгууллагын төлөөлөл, хайгуул ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд болон Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны хэрэг эрхлэх газар зэрэг байгууллагын төлөөлөл оролцлоо.  

Мэргэжлийн байгууллагаас танилцуулсан мэдээгээр Монгол Улсын хэмжээнд 2022 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдрийн байдлаар газар нутгийн 4 хувь буюу 6.24 сая га талбай бүхий 2598 ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүртгэлтэй байна.

Харин Ховд аймгийн хэмжээнд хайгуулын 49, ашиглалтын 36 нийт 7.6 сая га талбайг хамарсан 85 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байна. Үүнээс 2020 онд хувийн хөрөнгө оруулалтаар 2.1 тэрбум төгрөгийн хайгуулын ажил хийгджээ.


                            Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав: “Бид бүхний хөгжлийн тулгуур уул уурхай” 

 

Тус хэлэлцүүлгийн үеэр Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав "Ил тод хариуцлагатай уул уурхайг төлөвшүүлэхэд тулгарч буй бэрхшээл гарц шийдэл" илтгэл танилцууллаа. Тэрбээр хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөлтэй давхцуулан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохгүй байх зэрэг орон нутагт үүсдэг асуудал болон тулгамдаж буй асуудлын талаар хууль эрх зүйн талаас нь тодорхой саналыг тавив.

Мөн дэд бүтцийг хөгжүүлэх, уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлд анхаарах тухай санал гаргажээ.


Хэлэлцүүлгийг Ховд аймгийн Засаг дарга болон Тамгын газар хамтран зохион байгуулж байгаа бөгөөд хэлэлцүүлгийн хоёр дах хэсэг "Байгаль орчин нөхөн сэргээлт хаалт, орон нутагтай хамтран ажиллах гэрээ, оролцогч талуудад тулгарч буй асуудал" сэдвийн хүрээнд өрнөж буй.     

 

Холбоотой мэдээ