Төрийн байгууллагууд томилолт, үйл ажиллагааны зардлуудыг хэмнэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-04-12 12:40:56

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймаг архины зөвшөөрлийг хоёр дахин багасгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй төрийн албан хаагчдад хариуцлага тооцож ажиллана.

Тус аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал албан байгууллагын удирдлагуудтай цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, хэд хэдэн үүрэг чиглэл өглөө. Тэрээр өнгөрсөн долоо хоногт Улаанбаатар хотод томилолтоор ажиллах хугацаандаа АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клейческитэй уулзаж боловсрол, онцгой байдал зэрэг салбарт хамтран ажиллахаар санал солилцсон байна. Мөн эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа энэ үед төрийн бүх шатны байгууллага төсвийн хэмнэлт хийж, аль болох бага зардлаар чанартай үйл ажиллагаа зохион байгуулахыг үүрэг болголоо. Тухайлбал, зайлшгүй шаардлагатай албан ажлаас бусад үед албаны машин унахгүй байх. Албан байгууллагууд сумдад томилолтоор ажиллахдаа нэгдсэн зохион байгуулалтад орж бензин шатахуун, бусад зардлаа хэмнэх. Төрийн байгууллагуудыг хүлээн авалтын үйл ажиллагааг зохион байгуулахгүй байх. Аливаа хурал, зөвлөгөөнийг үр дүнтэй байх талаас нь онцгой ач холбогдол өгч зохион байгуулах. Түүнчлэн төрийн байгууллагууд олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулах нэрээр хүүхдүүдээс мөнгө хурааж эцэг эхчүүдэд хүндрэл учруулахгүй байхыг хатуу анхааруулав.


Аймагт үйл ажиллагаа явуулдаг баар, цэнгээний газар, ресторан, хүнсний дэлгүүрүүдэд олгох архины зөвшөөрлийг хоёр дахин багасгаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буй төрийн албан хаагчдад хариуцлага тооцож ажиллана гэлээ.

Завхан аймгийн 100 жилийн ойн бэлтгэл ажлын хүрээнд хотынхоо өнгө үзэмжийг сайжруулах, олон жил болсон барилга байгууламжийг засварлах, цэгцлэхэд онцгой анхаарч ажиллахыг үүрэг болголоо. Түүхт ойгоо үр дүнтэй зохион байгуулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ч энэ үеэр онцлов. Мөн үеэр аймгийн ЗДТГ-ын дарга Г.Мягмарсүрэн: “Албан байгууллагууд бодлогын хэлтэстэйгээ уялдаж, нэгдмэл удирдлагын зарчмаар ажиллах шаардлагатай. Төрийн албаны зөвлөлөөс хоёр томоохон төсөл хэрэгжүүлэх бөгөөд энэ хүрээнд төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх. Хүний нөөцийг бүрдүүлэх, чадавхжуулах, үр дүнд суурилсан тайлагналтын тогтолцоо руу шилжихэд анхаарч ажиллана” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ