БНСУ-д өдөрт илрэх халдварын тохиолдлын тоо буурч байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-04-11 10:27:23

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-д коронавирусний “омикрон” хувилбарын давлагаа гуравдугаар сарын дундуур оргил үедээ хүрснээсээ хойш саарч буй энэ үед өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн долоон долоо хоногийн хугацаанд анх удаа 100 мянгаас доошилж буурлаа.


Солонгосын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээлснээр, улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд “COVID-19” халдварын 90 928 тохиолдол шинээр илэрснээр халдварын нийт тохиолдлын тоо 15 424 598-д хүрсэн байна.


Ингэснээр өдөрт шинээр илэрсэн тохиолдлын тоо хоёрдугаар сарын 22-ноос /99 562 тохиолдол/ хойш анх удаагаа таван оронтой тоонд хүрч буурчээ. Мөн хоёрдугаар сарын 16-нд 90 438 тохиолдол илэрснээс хойш хоёр сар орчмын хугацаанд бүртгэгдсэн хамгийн бага үзүүлэлт энэ болжээ.


БНСУ-д амралтын өдрүүдээр цөөн шинжилгээ хийдэгтэй холбоотойгоор даваа гарагт халдварын тохиолдлын тоо буурах хандлагатай байдаг бол долоо хоногийн сүүлээр өсөж буй төлөв ажиглагддаг. 


Гэхдээ өдөрт илрэх халдварын шинэ тохиолдлын тоо сүүлийн хэдэн долоо хоногт 300, 400 мянга давж, гуравдугаар сарын 17-нд хамгийн олон буюу 620 мянга гаруйд хүрч байсантай харьцуулахад буурч байна.


Үүнтэй холбоотойгоор Эрүүл мэндийн байгууллагын удирдлагууд зайнаас барих журмыг нэмж сулруулах, эмнэлгийн үйл ажиллагааг хэвийн болгох шийдвэрийн талаар энэ долоо хоногийн сүүлээр танилцуулах төлөвтэй байна. Иргэдэд мөн гадаа талбайд амны хаалтгүй явахыг зөвшөөрч магадгүй байна.


Мөн Засгийн газар “COVID-19”-ийн ангиллыг бууруулах төлөвтэй байна. Энэ долоо хоногоос эхлэн эрүүл мэндийн төвүүд, шинжилгээний түр цэгүүд үнэгүй антигений шинжилгээ хийхээ зогсоож, ахмад настнууд зэрэг зөвхөн эмзэг бүлгийн хүмүүст “PCR” шинжилгээ хийнэ.


“COVID-19”-өөр халдварласан байж болзошгүй бусад хүмүүсийн хувьд хувийн эмнэлэгт 5000 орчим воноор шинжилгээ өгөх боломжтой байна. Мөн өнөөдрөөс БНСУ-д урт хугацаагаар оршин сууж буй, “COVID-19”-өөр халдварлаад эдгэрсэн гадаадын иргэд бусад хот, мужаас Сөүлд ирэхдээ “PCR” шинжилгээний хариугаа сөрөг гарсныг батлах шаардлагагүй болно.


Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төвийн мэдээллээр, ням гаргийн байдлаар БНСУ-ын хүн амын 86.7 хувь буюу 44.51 сая хүн вакцинд бүрэн хамрагдаад байгаа бол 32.92 сая хүн /64.2 хувь/ нэмэлт тунг тариулсан байна.  

Холбоотой мэдээ