Засгийн газар ээлжит бусаар хуралдаж жагсагчдын шаардлагад хариу өглөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2022-04-08 20:16:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатарын талбайд өрнөж буй “Монголдоо сайхан амьдаръя” жагсаалд оролцогчдын шаардлагын хариуг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.


Жагсагчид Авлига, албан тушаалын хуулийн 22.1 дүгээр заалтыг шинэчлэх, үйлдвэрлэлийг дэмжих, зээлийн бодлогыг иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах, бизнес эрхлэгчдийг дэмжих,  Хөгжлийн банкны асуудлыг шийдэх, олон улсын төлбөр тооцооны системийг нэвтрүүлэхийг шаардсан. Мөн төрийн албаны дарга нарын хангамжийг зогсоох, үнийн өсөлтийг зогсоох, бууруулах, Татварын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага хүргүүлсэн.


Засгийн газрын өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, шаардлагад доорх хариуг хүргүүлж буйг Ерөнхий сайд уншиж танилцууллаа.

1. Үнийн өсөлтийн асуудлаар: Засгийн газар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос урьдчилан сэргийлэх сөрөг нөлөөллийг бууруулах хуулийг боловсруулан УИХ-д өргөн мэдүүлсэн. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга болон Эдийн засгийн байнгын хорооны даргатай утсаар холбогдож, энэ хуулийг энэ сарын 15-ны дотор батлах болсон. Олон улсын нөхцөл байдлаас шалтгаалан 1000 төгрөгөөс дээш хэмжээгээр өсөх магадлалтай шатахуун, мах, гурил болон бусад хүнсний бүтээгдэхүүнийг мөнгө, сангийн бодлогоор зохицуулах боломжийг энэ хуулийг баталснаар нээх юм.

2. Монгол Улсын Засгийн газрын хуралд ЦЕГ, ТЕГ-ын удирдлагууд оролцож, мэдээлэл өгсөн. Жагсаал цуглаантай холбоотой асуудлаас шалтгаалж саатуулсан иргэдийг бүрэн сулласныг мэдээлсэн. Мөн аливаа нэгэн хэлбэрээр асуудал үүсгэхгүй гэдэг амлалт өгч, Засгийн газрын проктольд үлдсэг.

3. Авлигал, албан тушаалын хэрэгт яллагдагчаар татагдсан этгээдийн хэргийг хялбаршуулсан буюу ял наймаалцах байдлаар шийдэхгүй байх, авлигын хэргийг ялын бодлогыг чангатгах хуулийн төслийг Засгийн газраас УИХ-д яаралтай өргөн барилаа. Мөн та бүхний шаардлагын АТГ албан тушаалтнуудыг ялгаагүй шалгах талаар Авлигын эсрэг хуулийн 13.2-т өөрчлөлт оруулах болсон. Олон нийтийн анхаарлын төвд орсон ч эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа Хөгжлийн банктай холбоотой асуудал, ЖДҮХС болон бусад олон асуудлыг шийдвэрлэх талаар иргэдээс шаардлага ирсэн гэдгийг Ерөнхий сайд холбогдох хуулийн байгууллагуудад утсаар мэдэгдсэн. Мөн Засгийн газар олон нийтийн хамт улс төрийн хувьд зогсоно гэдгээ илэрхийлсэн. Тиймээс Хөгжлийн банк болон бусад олон жил дуншсан хэргийг эцэслэн шийдвэрлэхгүй бол Засгийн газар та бүхэнтэйгээ хамт тэмцэх болно гэдгийг Ерөнхий сайдын хувьд илэрхийлж байна.

4. Засгийн газар олон улсын хямралт нөхцөл байдлын үед шаардлагатай бүх арга хэмжээг авч, хэмнэлтийн тусгай горимд шилжиж, “КОВИД-19”-ийн үед баталсан тогтоолыг сэргээсэн. Энэ дээр том оврын автомашиныг төрийн албан хаагчид Улаанбаатар хотод ашиглахгүй байх, том оврын автомашинуудыг парклах, цаашлаад төрийн албан тушаалтнуудын тасалгаанд тодорхой хэмжээнд м2-ын шалгуур тавих болон бусад асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ. Хэмнэлт болон бусад асуудлаар Засгийн газар иргэдтэй хамтран ажиллаж, мөн та бүхний тухайлан шаардсанаар төрийн өмчит үйлдвэрийн газруудыг олон нийтийн эзэмшилд шилжүүлж, хяналтад оруулах байдлаар Хөрөнгийн биржээ ашиглах асуудлыг ирэх долоо хоногт Засгийн газраас УИХ-д өргөн мэдүүлэхээр боллоо. МЗХ-ны байр ТББ-ын өмч учраас Засгийн газар шууд оролцох боломжгүй. Гэхдээ би өмнө нь ч хөндөж байсан. Та бүхэн мэдэж байгаа. Тийм учраас МЗХ олон нийтийн өмчийг шамшигдуулсан байна уу, 1992 оноос хойш үйлдвэрчний эвлэл, МЗХ, МҮЭСТО зэрэг олон асуудалд газрыг асуудлыг АТГ-т шилжүүлэх Засгийн газрын хуралдааны тэмдэглэл гаргаж шилжүүлсэн. Засгийн газрын бие даан шийдвэрлэж чадах асуудал 15 шаардлагын 11-т хамааралтай. Цаашлаад Нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын сугалааг зогсоох, Олон улсын төлбөр тооцоог шуурхайлах, УИХ-ын гишүүны халдашгүй бүрэн эрхийг цуцлах зэрэг асуудал нь УИХ-тай зайлшгүй хамтарч шийдэх асуудал. Тиймээс энэ асуудалд олон нийт бухимдалтай байгаа талаар холбогдох УИХ-ын холбогдох байнгын хороодын дарга, УИХ-ын даргад илэрхийлсэн. Мөн Ерөнхий сайдын хувьд олон нийттэй уулзаж, энэ талаар ярилцсан гэдгээ хэлсэн. Тиймээс энэ асуудлыг УИХ-аар хамтран шийдвэрлэхээр та бүхэнтэйгээ хамтран ажиллана. Мөн урт хугацаанд шийдвэрлэх асуудал бий. Тогтолцооны асуудал, сонгодог парламентад шилжих, шүүхийн байгууллагын асуудал, эрчим хүч, түгжрэлтэй холбоотой асуудалд Засгийн газар иргэдтэйгээ нээлттэй хамтарч ажиллах үүднээс “11-11” төвийг дэргэдээ авсан. Цаашид 7 хоногт нэг удаа та бүхэнтэй уулзалт зохион байгуулж болно. Геополитикийн асуудал үүссэн энэ үед бид зөвшилцлийн зарчмаар, ардчилсан зарчмаар хамт ярилцаж, шийдвэрлэх бүрэн боломж байна гэв.

Холбоотой мэдээ