Эдийн засгийн форум-2022: Нэгдмэл ойлголцолд хүрч байж уул уурхай хөгжинө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-08 18:19:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монголын Эдийн засгийн форум-2022”-ын уул уурхайн салбар хэлэлцүүлгийн талаар модератороор оролцсон Уул уурхайн Үндэсний ассоциацийн зөвлөх, эдийн засагч А.Билгүүнээс тодруулав.

-Төр, засаг салбарын хөгжлийг үндсэн 5 циклээр нэгтгэн төлөвлөхөөр болж байна. Үүнийг бодлогын шинэчлэл гэж харж байгаа. Таны саналыг сонсоё?

-Тиймээ, шийдвэр гаргагч нар уул уурхайн салбарыг хайгуул, олборлолт, боловсруулалт, борлуулалт, хуваарилалт гэсэн 5 үндсэн элементийг бүрдүүлсэн  байхад чиглэн бодлогоо боловсруулан тоймлож явахаар болж байна. Энэ нь их зөв юм. Одоо үүнийг хэрэгжүүлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Мөн энд бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчдаас улстөрийн зориг хэрэгтэй болж байна.

Уул уурхай нь манай улсын эдийн засгийн тэргүүлэх салбар, хөдөлгүүр хүч юм. Ойрын хэдэн жилдээ ийм байсаар байна. Өнөөдрийн хэлэлцүүлгээр өнгөрсөн 30 жилд энэ салбарт ямар ахиц ололт, алдаа гарав гэдгийг нэлээн нягталж ярилцлаа.

Манай улсын өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдлыг хямрал гэж нэрлэх хэрэгтэй. Яагаад гэвэл бараа, бүтээгдэхүүний үнэ өсөж, инфляц өндөр болж, төгрөгийн үнэгүйдэл монголчуудыг туйлдуулах нөхцөлд байдалд хүрч буйг хэлэлцүүлэгт оролцсон хүмүүс ч ярьж байна. Эдийн засгийн энэхүү хямрал нь сүүлийн 12 жилд уул уурхайн салбарыг тойрч үүссэн популизм, улстөрийн тогтворгүй байдлаас үүдэлтэй, энэ нь хамгийн гол хүчин зүйл болж ирсэн гэж хувь хүний хувьд үзэж, үүнтэй санал нэг байгаа.




Өнөөдөр манай салбарт үүсээд буй нөхцөл байдал ямар байна гэхээр, нэг талдаа уул уурхайн салбарын хүчин чадал асар их байна. Нөгөө талдаа энэ салбараас орж буй нийгэм-эдийн засгийн бодит орлого, өгөөж нь асар бага болчихоод байна. Энэ хоёрыг зааглаж буй гол хүчин зүйл нь уул уурхайн нэгдмэл бус, ойлголтгүй байдал юм.

Тодруулж, хэлбэл орон нутгийн иргэдийн уул уурхайн салбарын үйл ажиллагааг ойлгож буй байдал, харах өнцөг бодлого боловсруулагч нар болон компаниудынхтай адил биш, ялгаатай байгаа явдал юм. Үүнийг яаж нэгдмэл болох гэдэг дээр улстөрчдийн ч тэр, Засгийн газрын ч тэр, уул уурхайн компаниуд, мөн иргэдийн хамтын ажиллагаа нэн чухал байна. Ингэж байж уул уурхай цааш хөгжинө гэдэг дээр өнөөдрийн хэлэлцүүлэг, салбар хуралдаан тулгуурлалаа.

-“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд УУХҮЯ хайгуулыг эрчимжүүлж хууль эрхзүйгээс аваад хязгаарлалтгүй болгоно гэж мэдэгдэж буй. Энэ хэр бодитой хэрэгжихээр байгаа талаар салбарын хүний хувьд санал бодлоо хуваалцана уу?

-Бид эдийн засгийн хямралыг давна, манай улс хямралгүй байна гэж бодож байгаа бол уул уурхайгаа хөгжүүлэхээс өөр гарц бидэнд байхгүй. Одоогоор бидэнд байгаа хамгийн тодорхой гаргалгаа гэвэл энэ нь л байна. Яагаад гэвэл уул уурхайн хайгуул гэдэг бол олон улсынхаа түвшинд хамгийн их эрсдэлтэй бөгөөд хамгийн өндөр өгөөжтэй байдаг салбар. Монгол Улс гадаадын хөрөнгө оруулалтыг татъя, дараагийн Тавантолгой, Оюутолгойтой больё гэж байгаа л бол хайгуулыг эрчимжүүлэхээс өөр арга байхгүй. Гадаадын хөрөнгө оруулагч нарыг оруулж ирэхэд уул уурхайн хайгуул дээр тусгай зөвшөөрлийн ойлгомжтой, тогтвортой байдлыг бүрдүүлж байж л салбарын хөгжил, гадаадын хөрөнгө оруулалт энд орж ирж хэрэгжинэ. 




Өнөөдрийг 2012 онтой харьцуулахад валютын, долларын төгрөгтэй харьцах ханш 1400 төгрөгтэй тэнцэж байсан. Аравхан жилийн өмнө шүү дээ. Гэтэл доо бараг 100 хувиар өсөж, монгол төгрөг худалдан авах чадвараа 50 хувиар алдаад буй. Үүний гол хүчин зүйл нь эргээд л уул уурхайн салбартай зайлшгүй холбогдоно. Тиймээс энэ салбарыг либеральчилж байж, гадаадын хөрөнгө оруулагчдыг оруулж ирж байж, энэ салбарыг олон нийтэд нээлттэй болгож байж монголчууд бид эдийн засгийн хямралыг давж туулахаас өөр аргагүй. 

Холбоотой мэдээ