"Багш спорт-2022" наадамд тавдугаар сургуулийн баг тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-08 12:03:13

Дорноговь /МОНЦАМЭ/. Хоёр жилд нэг удаа болдог “Багш спорт-2022” спортын наадамд Сайншанд сумын ерөнхий боловсролын тавдугаар сургуулийн багш нарын баг амжилттай оролцож нийлбэр дүнгээр тэргүүн байрт шалгарлаа.

Энэ тухай тус сургуулийн захирал Б.Эрдэнэцэцэгийн сэтгэгдлийг сонсоход “Манай сургуулийн 35 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ удаагийн “Багш спорт” наадамд оролцож өмнө нь гаргаж байсан амжилтаа бататган нийлбэр дүнгээр дахин тэргүүллээ. Тус тэмцээнд өмнө нь гурван удаа түрүүлсэн бол энэ удаагийнхтай нийлээд дөрөв боллоо.

Баг хамт олон минь атгасан шагай шиг нэг зорилго, тэмүүлэлтэй оролцож  амжилт гаргасанд баяртай байна. Үргэлж идэвх санаачилга гарган оролцдог хамт олондоо баярлалаа” гэв. “Багш спорт” наадамд сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, шатар даамын төрөлд  59 байгууллагын 43 багийн 470 гаруй тамирчин өрсөлдсөн.

Харин V сургуулийн багш нар амжилттай оролцож дөрөв дэх удаагаа тэргүүн байрт шалгарч АЛТАН ЦОМ нэг сая төгрөгийн шагналыг гардсан юм. Харин дэд байрт Н.Оюунбуд захиралтай Сайншанд сумын ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн хамт олон, гутгаар байрт А.Сүрэнхүү захиралтай Замын-Үүд сумын нэгдүгээр сургуулийн баг тамирчид шалгарсан бол есөн жилийн сургууль, цэцэрлэгийн төрөлд М.Ганбаатар ахлагчтай Дэлгэрэх сумын хамт олон тэргүүн байрт шалгарав.

Ташрамд дурдахад аймгийн Засаг даргын “Хөгжлийн төлөө хамтдаа-2” /2020-2024/ үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан “Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, багшийн мэргэжлийн ур чадварыг тогтмол дээшлүүлэх, хөдөлмөрийн бүтээмжид суурилсан үнэлэмжийг бодитой болгож, нийгмийн баталгааг хангах зорилтыг дэвшүүлжээ.

Үүний хүрээнд хоёр жилд нэг удаа зохиогддог “Багш спорт-2022” спортын наадам энэ оны дөрөвдүгээр сарын 2-5-ныг хүртэл Сайншанд суманд дөрвөн өдрийн турш үргэлжилсэн юм.













Холбоотой мэдээ