Хөдөөгийн иргэд хог хаягдал цэвэрлэх ажилд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-06 20:19:01

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Зэрэг сумын Бураа багийн малчид, иргэдийн төлөөллөөс бүрдсэн "Цахир салаа" нөхөрлөл "Бүтээлч санаачилга-үлгэр жишээ ажил" өрнүүллээ. Энэ хүрээнд тэд авто зам дагуух хог хаягдлыг цэвэрлэсэн байна.   

Уг санаачилгыг жилдээ 2-3 удаа хэрэгжүүлж, замын дагуух хогийг ийнхүү цэвэрлэдэг гэнэ. Нэг удаад 10-15 машин хог цэвэрлэж, хогийн төвлөрсөн цэгт хүргэх ба зарим хэсгийг нь шатаадаг аж. Голдуу архины шил, ус, ундааны сав, гялгар уут, амны хаалт зэрэг хог хаягдал гарч байгааг тэд хэллээ.

Байгаль орчинд ээлтэй бүтээлч санаачилга, үлгэр жишээ ажил гэж энэ юм. Үүнээс жишээ авч иргэн бүр ойр орчныхоо хог хаягдлыг цэвэрлэж хэвшихийг уриалж байна. Хамгийн гол нь хот, аймаг, сум хооронд зорчиж буй иргэд, жолооч нар цонхоороо хогоо хаягдаггүй байх, хог хаягдлыг зориулалтын саванд хийж орчноо хоггүй, цэвэр байлгахад анхаарах нь чухал” гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав цахим хуудсаараа дамжуулан онцоллоо.  

Холбоотой мэдээ