Сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-04-06 18:02:41

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн сургууль, цэцэрлэгийн залгамж холбоог сайжруулах, хамтын ажиллагааг өргөжүүлэх, хүүхдийг сургуульд бэлтгэхэд анхаарч ажиллах зорилго бүхий хэлэлцүүлэг боллоо.

Өнөөдрийн хэлэлцүүлэгт аймгийн төвийн цэцэрлэг тус бүрээс арга зүйч, бэлтгэл бүлгийн багш болон сургууль тус бүрээс бага ангийн менежер, тавдугаар анги удирдсан багш, хөдөөгийн сумдын цэцэрлэгийн арга зүйч, бага ангийн менежер гээд нийт 100 гаруй оролцож, санал бодлоо илэрхийллээ.

Энэ үеэр сургуулийн өмнөх боловсрол, бага боловсролын өнөөгийн байдал, хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээний талаар салбарын мэргэжилтнүүд мэдээлэл танилцуулав.

Мөн боловсролын хамрагдалт, хүртээмж доогуур байгаа алслагдсан бүсийн зарим сумын малчин өрхийн хүүхдүүдийн боловсролын хүртээмж, чанар, үр ашгийг нэмэгдүүлэх, цаашлаад хүүхдийг гэр бүлийн орчинд сургуульд бэлтгэх боломжууд, хичээлийн бус цагийн нэмэлт хөтөлбөр, бага боловсрол нөхөн олгох хөтөлбөрийн талаар ярилцжээ.

Оролцогчдын зүгээс “цэцэрлэг, сургууль, эцэг эхчүүдийн гурвалсан холбоо бий болгох, таван настай хүүхдийн нэгдсэн судалгаа гаргах, улмаар сургуульд шинээр орохоос өмнө  орчинтой танилцуулах, ялгаатай байдалд сэтгэл зүйг нь бэлтгэх,  эцэг эхчүүдэд зориулсан сургалт явуулах, “Би сургуульд орно” хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, хүүхдийн хувийн мэдээлэл бүхий хавтсыг эцэг эхээс авч, танилцах” гэх мэт саналыг гаргаж, цаашдын зөвлөмжийн төсөлд тусгахаар боллоо.  

Тус ажлыг Ховд аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар, 14 дүгээр цэцэрлэг зэрэг байгууллага хамтран хэрэгжүүлж байна. 

 

Холбоотой мэдээ