"Ногоон говь" хөтөлбөр хэрэгжүүлэх иргэдийн санаачилгыг дэмжив

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-04-06 12:23:20
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Иргэд санаачилгаараа нэгдэж, Дундговио ногооруулах хөдөлгөөн өрнүүлж байна. Дундговь аймгийн 2005 оны төгсөгчид санаачилгаараа нэгдэн “Шинэ үе ногоон говь” ТББ байгуулсан бөгөөд цөлжилтийн эсрэг “Ногоон говь” хөтөлбөрийг боловсруулан таван жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тус ТББ-ын төлөөлөл өчигдөр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат, Засаг даргын орлогч М.Анхбаяр нартай уулзалт хийж, “Ногоон говь” хөтөлбөрийг танилцуулан хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн тулд аймгийн удирдлагуудын зүгээс ногоон байгууламж бий болгох газрын асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт тавьсан байна.

Хөтөлбөр хэрэгжүүлэгчид ногоон байгууламжийг төв зам дагуу, гүний усны судалтай 5 га газарт үе шаттайгаар хэрэгжүүлэхээр  төлөвлөсөн бөгөөд тариалалт, ургуулах арчилгааг хийх ажээ.

Уулзалтын үеэр аймгийн удирдлагуудын зүгээс цөлжилтийн эсрэг “Дундговио ногооруулъя” хөтөлбөрийн хүрээнд “8 түмэн мод” хөдөлгөөнийг өрнүүлж байгаа төдийгүй “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа энэ үед чухал санал, санаачилга гаргаж буйд талархал илэрхийлэн, мод тариалах газрыг шийдвэрлэж, цаашид усны асуудалд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн байна

Холбоотой мэдээ