Энэтхэг зураачийн “Амьдралын мөчлөг” үзэсгэлэн
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэтхэгийн уран бүтээлч Ренү Кумар Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд “Амьдралын мөчлөг” уран бүтээлийн үзэсгэлэнгээ нээлээ. Тэрбээр АНЭУ-ын Абу Даби, Дубай хотод үзэсгэлэнгээ гаргаж байжээ.
"Хүн төрөхөөс эхлэн бага нас, залуу үе, эцэст нь
хөгшрөх зэрэг амьдралын бүх үе шатанд баялаг туршлага
хуримтлуулдаг. Эдгээр сайн, эсвэл муу туршлага нь сүнсний багш нар юм. Зорилгодоо хүрсэн сүнс бүрийг амьдралын мөчлөгийн дараа ч өөр даалгавар
хүлээж байдаг" гэх үзлээ зураач үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүддээ харуулахыг зорьжээ.
Түүнчлэн “Эмэгтэй хүн хаана ч гэсэн манлайлал, байр
сууриа олох ёстой. Дэлхийн аль
ч хотод эмэгтэй хүн сул дорой байдлаасаа болж ажилгүй, орлого багатай байгаа байдал ажиглагддаг. Тиймээс бүтээлдээ
эмэгтэйчүүдийн сэдвийг илүү хөнддөг”-өө дурдаж байв.
Үзэсгэлэнд мөн зураачийн уран бүтээлийг буулгасан ноолууран алчууруудыг дэлгэжээ. Энэтхэг улсын Гималайн нуруунд байдаг ховор төрлийн ноос, торгоны хольцтой эдгээр алчуурыг тусгай захиалгаар хийлгэсэн байна. Монголын ноолуур үнэхээр тансаг учраас монгол бүтээгдэхүүн дээр бүтээлээ амилуулах хүсэл сонирхолтой явдгаа илэрхийлж байлаа.