150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчид бүртгэлтэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-03-29 11:29:10

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Засаг даргын нэрэмжит, шагайн харвааны нээлттэй тэмцээн болж шилжин явах цомын эзэд тодорлоо.

Даян мэргэн төслийн хүрээнд шагайн харвааны тэмцээнд 17 багийн 140 орчим шагайчид цэц мэргэнээ сорин нааджээ. Шагайн харвааны багийн төрөлд тэргүүн байрыг аймгийн гарамгай мэргэн С.Баяндорж ахлагчтай Улиастай сумын Жавхлант хийдийн "Зэндмэнэ" баг эзэлж шилжин явах цомын эзэд болжээ. Харин дэд байрыг аймгийн гарамгай мэргэн М.Базаррагчаа ахлагчтай Яруу сумын "Хүйс хайрхан" баг, гуравдугаар байрыг аймгийн гарамгай мэргэн Б.Баттулга ахлагчтай Дөрвөлжин сумын "Цэцэн Сартуул" баг эзлэв. Багийн төрлийн дөрөв, тавдугаар байруудыг Улиастай сумын Г.Мягмарсүрэн ахлагчтай "Жинст хайрхан" баг, Яруу сумын Б.Алтангэрэл ахлагчтай "Чандмань" багууд эзэлжээ. Тус аймаг шагайн харвааг хөгжүүлэхэд тодорхой хэмжээний бодлого барьж хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа билээ. Өнөөдөр аймгийн хэмжээнд 150 орчим шагайн харвааны соёлын өв тээгчид бүртгэлтэй байна гэж Даян мэргэн харваачдын холбооноос тус тус мэдээлэв.


 

Сартуул шагайн харваагаар сүүлийн 200 гаруй жил таваас зургаан үе дамжин харвасан харваачид бий

 

Завхан аймаг монгол шагайн харвааг хөгжүүлэхээр “Даян мэргэн” төслийг дөрвөн жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр өнгөрсөн жил баталжээ.

Монголын уламжлалт наадаан шагайн харвааг үе шаттайгаар сэргээн дэлгэрүүлэх. Өвлөн уламжлах, сурталчлан таниулах, өв тээгчдийн ур чадварыг дээшлүүлэх зорилгоор аймгийн Засаг даргын захирамжаар “Даян мэргэн” төслийг эхлүүлээд байгаа. Тус аймаг нь шагайн соёлын өлгий нутаг юм. Ялангуяа Сартуул шагайн харваагаар сүүлийн 200 гаруй жил таваас зургаан үе дамжин харвасан харваачид цөөнгүй бий. Тиймээс шагайн харвааг хөгжүүлэх, хадгалах нь зайлшгүй шаардлагатай болоод буй. "Даян мэргэн" төслийг эхлэл, суралцахуйн, дэлгэрлийн гэсэн гурван үе шаттайгаар 2024 он хүртэл хэрэгжүүлнэ.

Төслийн хүрээнд шагайн харвааны багш, дасгалжуулагчдын мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх. Аймгийн хэмжээнд 33-аас доошгүй дугуйлан, клубийг байгуулах. Сум бүр  өсвөрийн болон насанд хүрэгчдийн багтай болж 1000-аас доошгүй шагайчдыг бэлтгэх. Шагайн харвааг орон нутгийн онцлогт тохирсон аялал жуулчлалын үйл ажиллагааны нэгэн төрөл болгон хөгжүүлэх зэрэг олон ажлыг төлөвлөж байгаа.

Өнөөдрийн байдлаар “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн хүрээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр шагайн харвааны найман клуб байгуулаад байна. Ер нь шагайн харвааг сонирхол татахуйц олон төрөлт хэлбэрээр хөгжүүлснээр хүүхэд залуучуудад уламжлалт зан үйл, өв соёлын цогц мэдлэгийг түгээх. Нийгэмд  эерэг, зөв хандлага төлөвшүүлэх, улсын хэмжээний уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцох зэрэг олон үр дүн гарна гэж үзэж буй. Энэхүү төсөл нь нийгмийг соён гэгээрүүлэх үйлсэд бодит хувь нэмэр оруулж, монгол өв соёлын дархлааг бий болгох юм гэж аймгийн ЗДТГ-аас нэмж мэдээлэв. 

Холбоотой мэдээ