Архангай аймагт сүүлийн гурван жилд 62124 ширхэг мод, сөөг тарьжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-28 15:24:59

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг 2022-2030 онд 20.0 сая мод тарих ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Зорилго нь эх дэлхий, байгаль орчноо хайрлан, түүнтэй зохицон амьдрах монгол уламжлал, зан заншлаа эрхэмлэн, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, эко системийн тэнцвэрт байдлыг хадгалах, ой, усны нөөцийг хамгаалж, нэмэгдүүлэх зорилгоор аймгийн хэмжээнд 20 сая мод тарих ажлыг зохион байгуулж, хэрэгжилтийг хангах юм.


Архангай аймагт сүүлийн гурван жилд 62124 ширхэг мод, сөөг тарьжээ


Архангай аймагт бүх нийтээр мод тарих өдрийн хүрээнд жил бүр мод тарьсаар ирсэн. 2019 онд 12698 ширхэг, 2020 онд 23436 ширхэг, 2021 онд 25990 нийт 62124 ширхэг мод, сөөг тарьж ургуулсан байна. Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар БОАЖГ-ын мэдээллийн санд туссан тайлангийн дүнгээр хот суурин газрын ногоон байгууламжийн талбай 71.1 га байна. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд тарьсан модны тоо, амьдралт, ногоон байгууламжийн талбай нэмэгдэнэ гэж үзэж буй.   

Архангай аймгийн одоо байгаа мод үржүүлгийн газарт шилмүүст модны тарьцыг 2019 онд 12000, 2020 онд 15000, 2021 онд 20000 тарьсан бол, навчид модны тарьцыг 2019, 2020 онд 30000, 2021 онд 25000 ширхэгийг тус тус ургуулж, суулгасан байна.

Цаашид 2024 он хүртэл "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний бэлтгэл ажлыг хангаж ажиллах юм. Тухайлбал, үрийн нөөцийг бий болгох, тарьц, суулгацыг ургуулах зорилгоор мод үржүүлгийн газруудыг шинээр байгуулах, өргөтгөх, усны нөөцийг бий болгох, ажиллах хүчний нөөцийг бэлтгэх зэрэг ажлуудыг шат дараатайгаар хийнэ.


Ойн салбарт мэргэжлийн хүний нөөц бэлтгэх шаардлагатай

Архангай аймгийн БОАЖГ болон бусад байгаль орчны салбрын аж ахуйн нэгжүүдэд байгаль орчны мэргэжилтнээр нийт 259 хүн ажиллаж байна. Тухайлбал, БОАЖГ-т 15, Цэнхэр, Ихтамир, Эрдэнэмандал сум дахь Сум дундын ойн ангид 14, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд 37, сумдын 110 байгаль орчны хяналтын улсын байгаагч, байгаль хамгаалагч, 8 ойн инженер, ойд арчилгаа, цэвэрлэгээний ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгжид нийт 75 хүн тус тус ажиллаж байна.

Архангай аймагт 2346 гишүүнтэй 104 нөхөрлөл 268510 га ойн сангийн талбайг гэрээгээр эзэмшдэг байна. Мөн ойжуулалт, ойг нөхөн сэргээх, ойд арчилгаа цэвэрлэгээний огтлолт явуулах, ойн хортон шавжтай тэмцэх тусгай зөвшөөрөлтэй 35 ойн мэргэжлийн байгууллага /46 мэргэжлийн чиглэл/ үйл ажиллагаа явуулж байна.

"Тэрбум мод" хөдөлгөөний хүрээнд мэргэжлийн хүний нөөц бэлтгэх хэрэгцээ шаардлага байна гэж харж байгаа юм. Энэ хүрээнд улсын хэмжээнд 1000 сургагч багш бэлтгэх ажлыг эхлүүлж байгаа. Архангай аймгийн тухайд тус сургалтад сум тус бүрээс гурав, 19  сумаас нийт 57 сургагч багшийг бэлтгэж авахаар захиалга өгсөн байна. Мөн аймгийн уугуул ойн салбарын эрдэмтдийн төлөөллийг оролцуулан аймгийн Засаг даргын дэргэдэх зөвлөлийг байгуулж, хамтран ажиллахаар болжээ.  

 

217 003 800 төгрөгийн тоног төхөөрөмж шаардлагатай гэж үзэв

Архангай аймагт мод, сөөгний тарьц, суулгац ургуулах мэргэжлийн байгууллагуудын материаллаг бааз, багаж тоног төхөөрөмжийн судалгааг гаргасан байна. Өнөөдрийн байдлаар БОАЖГ, сум дундын ойн ангиуд, ойн санд тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа явуулдаг компани, нөхөрлөлүүдэд нийт 24 хүлэмж, 9 гүний худаг, хүлэмжийн усалгааны систем 10, гадаа талбай дахь усалгааны систем 12, ус нөөцлөх сав 55, гар багаж 211 ширхэг байна.  


"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлэх шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн зардлын хураангуй тооцоог ч гаргасан байна. Тухайлбал, 20x6 хэмжээтэй иж бүрэн хүлэмж худалдан авах, 20x6 хэмжээтэй хүлэмжийн усалгааны мананжуулагч, Цэнхэр, Эрдэнэмандал суман дахь Сум дундын ойн ангийн мод үржүүлгийн газарт автомат гүний худаг гаргуулах, 20x6 хэмжээтэй хүлэмжний плёнк, түгжигч, даруулга уяа, гигрометр /чийгшил болон температур хэмжигч/, модны нүх ухагч, хүрз, жоотуу, хайч, сав гэх мэт гар багажууд гээд 15 нэр төрлийн тоног төхөөрөмжийг авахад нийт 217 003 800 төгрөг шаардлагатай гэж үзсэн байна.


Холбоотой мэдээ