Ө.Жамбалсүрэн: Ёс зүйтэй байх нь аливаа эрсдэлээс хамгаалдаг

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-03-28 14:39:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бизнесийн ёс зүйн төв, “Транспэрэнси Интернэшнл Монгол” ТТБ-аас хамтран бизнес эрхлэгчдийн дунд “Ёс зүйтэй манлайлал” уулзалт зохион байгуулав. Бизнес эрхлэгч нар ёс зүйтэй байх нь байгууллага, хамт олныг төлөвшүүлж, эрсдэлээс хамгаалж, ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг талаар хөндөж байв. Манай улсад өөрийн гэсэн ёс зүйн дүрэмтэй, түүнийгээ үйл ажиллагаандаа мөрдөж буй компаниуд байна. Тодруулбал, “Скайтел групп” ХХК ёс зүйн дүрэмтэй болж, Ёс зүйн хороо байгуулан ажиллаж байгаа талаар уулзалтад оролцогч нарт танилцуулж туршлагаа хуваалцсан юм. Энэ талаар тус компанийн Хууль эрхзүйн албаны дарга Ө.Жамбалсүрэнгээс тодруулав.


-Ёс зүй бизнест яагаад чухал байдаг талаар тодруулна уу?

-Бизнес удирдаж буй хүмүүс манлайлагч байх гэдэг үүднээс тэдний хамгийн гол чанар нь ёс зүйтэй байх явдал юм. Ёс зүйтэй хүн л олон нийтийн компанийг удирдаж чадна. Хоёрт, ёс зүйгээр байгууллагын соёлыг төлөвшүүлдэг. Гуравт, ёс зүй бизнесийн ашигт ажиллагааг нэмэгдүүлдэг. Манай улсад энэ талын судалгааг хийдэг эсэхийг сайн мэдэхгүй байна. Олон улсын судалгаагаар хөрөнгийн зах зээлийн үнэлгээ нь өсөж буй компаниуд хамгийн өндөр ёс зүйтэй компаниуд байдаг нь нотлогдсон.

Ёс зүй бизнесийн алдагдал, хохирлоос сэргийлж, эрсдэлээс хамгаалдаг. Эрсдэлээс сэргийлэх гол механизм бол ёс зүйн сайн дүрэмтэй байх явдал юм. Манайд бизнесийн ёс зүйн улмаас болж ямар хохирол хүлээж буйг тооцсон зүйл алга. Гэхдээ Монголын компаниуд дотооддоо удирдах ажилтны буруутай үйлдлээс ч юм уу, ямар их хохирол амсаж буйг таашгүй.

Дэлхийн хэмжээний судалгаагаар ёс зүйн үйл ажиллагаанд ажилтнууд хэдийгээр ихээхэн холбогддог ч гэсэн удирдаж, манлайлж буй хүмүүсийн учруулж буй хохирол түүнээс их байдаг. Тиймээс ёс зүй бизнест чухал болохыг ойлгож, ёс зүйтэй байхыг олон улсад уриалсаар байна.




-Танай байгууллага ёс зүйн дүрмээ өөрсдөө баталсан уу? Дээр нь танай Ёс зүйн хороог яаж байгуулсан бэ. Хараат бус байдлаар ажиллаж чадаж байна уу?

-Ёс зүйн дүрэмтэй байх нь аливаа эрсдэлээс сэргийлж хамгаалдаг гэж би түрүүнд дурдсан. Гол нь тэр дүрмийг амьдаруулдаг механизм байх ёстой. Жишээ нь, манай группийн хэмжээнд хууль тогтоомжийн хэрэгжилтийг үнэлдэг журамтай болсон. Энд юуны өмнө тухай хуулийг урьдчилан судлаад тэнд байгаа шаардлагыг өөрсдөө тодорхойлоод, аливаа зөрчлөөс сэргийлэх арга хэмжээг компанийнхаа бүх газар, алба, хэлтэст хүргүүлдэг.

Тэгээд хэрэгжилтийг хангадаг. Ингэж ажиллаж, ийм тогтолцоо болсноор магадгүй, бид 10 жилийн дараа гарах эрсдэлээ өнөөдөр хааж байна гэсэн үг. Бас нэг жишээг хэлэхэд, Улстөрийн намын тухай хууль хувийн хэвшилд хамаарч байна гэж хэлэхээр зарим хүн гайхаж магадгүй. Юу гэвэл, тэр хуульд хуулийн этгээд жилдээ 20 сая төгрөгөөс дээшгүй татвар төлөх, өгөх үүрэгтэй байдаг. Үүнийг мэдэхгүйгээс магадгүй аль нэг бизнесмен улстөрийн намын дэргэдэх байгууллагад хандив өгсөн байхыг үгүйсгэхгүй. Гэтэл энэ нь том зөрчилд тооцогдож, хуулиараа тухайн компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл үндэслэл болох жишээний. Тиймээс компаниуд мэдээллийн ил тод байдал, комплайнсын механизмыг хэрэгжүүлж эхэлснээс дээрх тохиолдол шиг үйлдлээс сэргийлнэ гэсэн үг. Энэ бүх үйл ажиллагаа “Эйпл”, “Макрософт”-оос эхлээд, олон улсад томоохон компаниудад хэдийн нэвтэрсэн зүйлс.




Тодруулж хэлбэл, дэлхийн томоохон компаниуд ёс зүйн зөрчлийн талаар ажилтнуудынхаа дуу хоолойг хэдийн сонсдог болсон. Энэ талын илэрхийллийг дэмжин хамгаалдаг, ёс зүйн дуудлагыг хүлээн авдаг болсон. Энэ талын сувгийг хөгжүүлдэг болсон. Ийм сайн туршлагыг хэрэгжүүлж буй компаниуд Монголд бий.

Ёс зүйн хорооны хувьд бид 2017 оноос эхлэн гүйцэтгэх удирдлагаас хараат бус, хөндлөнгийн байхаар журамлан байгуулж, Ёс зүйн хорооны бүрэлдэхүүнийг нийт ажилтнаас сонгодог зарчмаар жил бүр бүрдүүлэн ажиллаж байна. Өөрсдөө сонгож, өөрсдөө байгуулан ажиллаж буй учир энэ хорооныхоо үйл ажиллагаа, шийдвэрийг хамт олон ажилтнууд хүндлэхээс аргагүй хүлээн авч, энэ талын итгэл нь нэмэгддэг. Манайх мөн ёс зүйтэй холбоотой дуудлага хүлээн авдаг тусгай дугаарын утас ажиллуулж байгаа. Уг утас нь хэн утасдаж буйг нууцалсан, нэг ёсондоо ёс зүйн зөрчлийн талаар мэдээлж буй буюу “шүгэл үлээж” буй хүнийгээ хамгаалсан байдлаар хөндлөнгийн хөгжүүлэлт хийсэн суваг байдлаар ажиллаж байгаа. Тиймээс их үр дүнтэй ажиллаж байгаа гэв.


Тодруулга: Монгол Улсад бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх зорилгоор МҮХАҮТ, "Транспэрэнси Интернэшнл" ТББ болон "Рио Тинто Монгол" ХХК хамтран "Бизнесийн ёс зүй, шударга байдлыг бэхжүүлэх" төсөл хэрэгжүүлж байна. Уг төслийн хүрээнд Бизнесийн ёс зүйн төвийг байгуулаад байгаа юм. 

 

Холбоотой мэдээ