“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд шинэ төрлийн жимс тариалах туршилт хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-03-25 16:32:25

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймагт өнөөдөр болж байгаа “Газар тариалангийн үйлдвэрлэлд зохистой дадал нэвтрүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөний үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд шинэ төрлийн жимс тариалах туршилтын ажлыг төлөвлөн ажиллах талаар албаныхан хэлэлцжээ.

Орон нутгийн онцлогт тохирсон, экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, харилцан туршлага судлуулах зорилготой тус зөвлөгөөнийг аймгийн  Хүнс, хөдөө аж ахуйн газар, “Дэлхийн зөн Монгол” Олон улсын байгууллагын гамшигт тэсвэртэй орон нутаг төсөлтэй хамтран зохион байгуулж байгаа юм.

Хэлэлцүүлэгт  аймгийн Засаг дарга О.Батжаргал,  ХХААХҮЯ-ны ГТХБЗГ-ын шинжээч Н.Оюунсувд, ХХААХҮ-ийн судалгаа хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн С.Нандинцэцэг, УХЭШХ-ийн эрдэмтэн шинжилгээний ажилтан, доктор Т.Дэжидмаа, “Дорнын говийн тариаланчид ТТБ”-ын дэд тэргүүн Т.Насанцэцэг, Монголын хөдөөг шинэчлэхийн фермерүүдийн холбооны Дорноговь аймаг дахь салбарын тэргүүн Монгол Улсын зөвлөх агрономич Л.Гантулга, “Дэлхийн Зөн Монгол” олон улсын байгууллагын төслийн ажилтан О.Анужин, сумдын газар тариалан хариуцсан мэргэжилтнүүд болон газар тариалан эрхлэгч 65 гаруй хүн оролцож байна.

Цаашид төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой “Нарлаг хүлэмж” байгуулах, Агропарк байгуулах, “Малын тэжээлийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллах аж.  

Холбоотой мэдээ