Гар ажиллагаатай ус түгээх 182 байрыг автоматжуулан 24 цаг ажиллуулахаар бэлтгэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-03-15 10:09:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Майкл Клечески, Мянганы сорилтын корпорац /МСК/-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын дэд ерөнхийлөгч Фатима Сумар, МСК-ын Европ, Ази, Номхон далай, Латин Америк хариуцсан удирдах захирлыг түр орлогч Аманда Женнингс болон бусад төлөөлөгчийг хүлээн авч уулзлаа.


Уулзалтын эхэнд Д.Сумъяабазар Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжсэнээр нийслэл нийгэм, эдийн засаг, санхүүгийн хувьд бие даан хөгжих эрх зүйн чадамжтай болж байгааг дурдав.


Мөн тэрбээр Засгийн газар болон АНУ-ын МСК хооронд байгуулсан 2 дахь компакт гэрээний хөрөнгө оруулалтаар “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх хөтөлбөр”-ийг хамтран хэрэгжүүлж буйд Фатима Сумарт талархал илэрхийлсэн. Тус хөтөлбөр нь “Улаанбаатар хотын ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах төсөл”, “Хаягдал усыг дахин боловсруулах төсөл”, “Усны салбарын тогтвортой байдлыг хангах төсөл” гэсэн харилцан уялдаа бүхий төслөөр дамжин хэрэгжиж байгааг онцоллоо.


МСК-ын Компакт гэрээний үйл ажиллагааны газрын Дэд ерөнхийлөгч Фатима Сумар Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 2 дахь компакт гэрээ буюу усны компакт гэрээг байгуулсан нь чухал. Цаашид Улаанбаатар хотын ус хангамжийг урт хугацаанд тогтвортой нэмэхэд ач холбогдолтойг дурдлаа.


Тэрбээр төсөл хөтөлбөрийн хүрээнд ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн барилгын урьдчилсан ажлууд хийж буйг тодотгов. УСУГ-ын зардлыг багасгахаар шугамд холбогдсон, гар ажиллагаатай ус түгээх 182 байрыг бүрэн автоматжуулан 24 цагийн ажиллагаанд шилжүүлэх төслийн бэлтгэл хангаж байгааг дурдаад, ингэснээр иргэдийн өдөр тутмын амьдралыг хялбарчлах төдийгүй усны зардал хэмнэх ач холбогдолтой гэжээ.

 

Холбоотой мэдээ