Цахимд донтох асуудлыг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэх санал гарав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-03-14 11:18:22
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2022 оны анхдугаар хурал боллоо. Анхдугаар хуралдаанаас зөвлөлийн гишүүдийн санаачиллыг хэлэлцүүлж, сумдын Засаг дарга, байгууллагын дарга нарт чиглэл хүргүүллээ.
Хүүхдийн төлөө зөвлөлийн хуралдаанаар зөвлөлийн гишүүдээс:
- Цахимд донтох асуудлыг бууруулах арга хэмжээг өргөн хүрээнд авч хэрэгжүүлэх,
- Хүүхдэд сэтгэлзүйн дэмжлэг үзүүлэх, сургууль бүрд сэтгэл зүйч ажиллуулах арга хэмжээг эрчимжүүлэх,
- Электрон тамхины хэрэглээг хязгаарлах,
- Өсвөр насны охидын жирэмслэлт, үр хөндөлтийн асуудалд үүрэг хүлээгчдийн оролцоог нэмэгдүүлэх,
- Хүүхдийн чөлөөт цагийг өнгөрүүлэх газруудыг нэмэх,
- Номын сан, ХДТ, БТСГ зэрэг байгууллагын дугуйлан секцийг тогтмолжуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэх саналууд гарлаа.
Хүүхдийн төлөө зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хагас жилээр тодотгож, үр дүнг тайлагнаж байхаар шийдвэрлэсэн юм.
Залуусыг залуусаар нь хөгжүүлдэг, залуусынх нь өөрсдийн оролцоог дэмжсэн үйл ажиллагаануудыг зохион байгуулах, хүүхдийн төлөө газрууд гаднаасаа ч, дотроосоо ч хүүхдийн инээд хөөр цангинаж байх учиртайг аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн М.Батжаргал тус хуралд зориулсан илгээлтдээ онцолсныг Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бадрах зөвлөлийн гишүүдэд уламжиллаа.
Холбоотой мэдээ