"Ногоон хэрэм" төслөөр 15 га газарт мод үржүүлэг байгуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-03-10 19:04:41

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол-Солонгосын “Ногоон хэрэм” төслийн баг аймгийн Засаг дарга болон БОАЖГ-ын удирдлага, мэргэжилтнүүдтэй уулзаж санал солилцлоо.

БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн 11.8 сая ам.долларын хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгад сум, Булган сумын нутаг дахь Баянзаг болон Төв аймгийн Лүн суманд нийт 45 га талбайд мод үржүүлгийн газар байгуулж, 3046 га талбайг ойжуулсан туршлагатай уг төслийнхөн III дахь үе шатдаа Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийг сонгож, мод үржүүлэг, түймрийн хяналтын системийг байгуулахаар болсон байна.

Төслөөр Арвайхээр хот орчимд 15 га талбай бүхий мод үржүүлгийн газар байгуулж, түүнийг түшиглэсэн ойжуулалт, цэцэрлэгжүүлэгчдийг бэлтгэх сургалтын төв, судалгааны талбайг байгуулна. Мөн орон нутгаасаа ажиллах хүчийг хангах юм.

“Ногоон хэрэм” төсөлд эрдэмтдийн баг ажилладаг учраас усны нөөц, ургамалжилтын бүх судалгааг хийнэ. Одоогоор төслийн ажил төлөвлөгөө боловсруулалтын шатанд яваа ч ойрын хугацаанд эхлүүлнэ. Орон нутгаас иргэдийн идэвх оролцоог сайжруулах, хандлагыг өөрчлөхөд дэмжлэг хүсч байна” хэмээн төслийн захирал Ли И Сонгил хэлэв.

Холбоотой мэдээ