Н.Амартүвшин: Малын тоо толгойн албан татварын орлогыг мал аж ахуйн салбарт зарцуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2022-03-07 14:54:10

Булган /МОНЦАМЭ/ Монгол Улсын малын тоо толгойн албан татвар өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн билээ. Хуульд зааснаар сумын ИТХ малын төрөл тус бүрээр албан татварын хэмжээг тогтоон мөрдөж байна. Малын тоо толгойн албан татварын талаар Булган аймгийн Орхон сумын Засаг дарга Н.Амартүвшингээс тодрууллаа.

- Манай сум малын тоо толгойн албан татвараар орох орлогоо тооцоод, ИТХ-аар хэлэлцүүлээд  батлуулсан байгаа. Ер нь манай сум жилд 310-350 орчим мянган мал тооллуулдаг. Энэ жишгээр тооцож үзвэл жилд 140,0 орчим сая төгрөг төсөвт орж ирэх байх гэсэн тооцоо хийлээ. Малын тоо толгойн албан татварын орлогоор малын халдарт болон халдварт бус өвчнөөс сэргийлэх зорилгоор ариутгалын машин авъя гэсэн санал гараад дэмжигдээд байна. Малчид малаа угаах, хашаа хороогоо ариутгах зэрэг үйлчилгээ авах учиртай. Олон талын ач холбогдолтой ариутгалын машиныг авахаар 60,0 сая төгрөг төлөвлөсөн. Янз бүрийн өвчний хорио цээрийн үед сумын ЗДТГ гэр барьж пост гаргадаг. Тэгэхлээр төрийн албан хаагчдын ажиллах нөхцөлийг сайжруулахаар зөөврийн сууцанд 40,0 сая төгрөг зарцуулахаар болсон.

Бэлчээрийг усжуулах зорилгоор гүн өрмийн худаг гаргах талаар санал их ирдэг. Тиймээс хөдөөгийн дөрвөн багт худаг гаргахаар төлөвлөөд байна. Малын тоо толгойн албан татварыг байгаль орчноо хамгаалах, байгалийг нөхөн сэргээх, мал эрүүлжүүлэх, гамшгаас хамгаалах буюу халварт болон халдварт бус өвчинтэй тэмцэх, өвс тэжээлийн нөөц бүрдүүлэх зэргээр эргээд мал аж ахуйн салбарт зарцуулна.

Мөн сургалт сурталчилгааны чиглэлээр малчдын зөвлөлгөөн хийж, тулгамдсан асуудлаа ярьдаг учраас үүнд хөрөнгө төсөвлөсөн. Төлөвлөсөн ажлын эхлэлийг гүйцэтгээд явж байна гэлээ.

Холбоотой мэдээ