Сэлэнгийн ОБГ-ынхан шуурхай ажиллаж гадаадын иргэний амийг аврав

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2016-07-25 16:42:32

Энэ сарын 24-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Орхон” голын гүүрний зорчих хэсэгт мотоцикльтой зорчиж байсан Австрали улсын хоёр иргэн хоорондоо мөргөлдөж, хүнд гэмтсэн ноцтой осол гарчээ.

Ослын улмаас Австрали улсын иргэн 39 настай эмэгтэй Андриа Броснан хүнд гэмтсэн байна. Уг ослын газар дээр ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр, Сэлэнгэ аймгийн Сайхан суман дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн 4 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллажээ. Осолд өртсөн гадаадын иргэдэд эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, тус аймгийн Сант суманд зам тавьж байсан зам ангийн “Ланд Круйзер” 77 маркийн автомашинаар Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүргэсэнээр тэд аврагдсан байна. одоогийн байдлаар осолд орсон гадаадын иргэд Улаанбаатар хотод хүргэгдэн очсон бөгөөд Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байна хэмээн Сэлэнгэ аймгийн ОБГ-аас мэдээллээ.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ