Монголын уран зургийн галерейд усан будгийн зургийн үзэсгэлэн дэлгэлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
d.uransolongo@montsame.gov.mn
2022-03-04 15:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хосгүй үнэт соёлын өвийн сан хөмрөг бүхий Монголын уран зургийн галерейд байгалийн сэдэвт усан будгийн зургийн үзэсгэлэнг анх удаагаа дэлгээд байна.

 

Монголын уран зургийн галерей 31 жилийн түүхэндээ байгалийн сэдэвт усан будгийн үзэсгэлэнг гаргаж байгаагүй бөгөөд  энэ жилийн байнгын үзэсгэлэнгээр сонгон дэглээд буй тус үзэсгэлэнд 1950-1990-ээд оны эхэн үед бүтээгдсэн 30 гаруй бүтээл багтжээ. Байгалийн сэдэвт усан будгийн зураг нь өнгө будгийн хувьд маш тансаг, баялаг байдаг төдийгүй өөр өнгөөр давхарлаж засах аргагүй байдаг тул зураачийн чадварыг илтгэж байдаг онцлогтой аж.


Монголын уран зургийн галерейн сан хөмрөгч А.Оюунболороос үзэсгэлэнгийн талаар тодруулахад, “Усан будгийн бүтээлд цаасаа дүүртэл нь будаг нялалгүй зарим хэсэгт хоосон үлдээх тохиолдол байдаг бөгөөд байгалийн сэдэвт зураг нь зураачийн ур чадварыг хамгийн тод харуулдаг.  Мөн тос эсвэл бусад будаг шиг дээрээс нь өөр өнгөөр давхарлаж засах аргагүй, олон удаа давхарлах эсвэл бийрээр цаасаа хэтэрхий үрэх юм бол цаас муухай болдог учир сайтар мэдэрч өнгүүдийг анхааралтай ажиглаж оновчтой өнгүүдийг цаасан дээр буулгах хэрэгтэй болдог. Тиймдээ ч усан будаг нь зураач хүний чадварыг илэрхийлж байдаг онцлогтой” гэсэн юм.




Тус үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь зураач Б.Нацагдоржийн 1978 онд зурсан “Борооны дараа” бүтээл юм. Уг зураг нь борооны дараах өнгө төрхийг зураач өөрийн харах өнцгөөр бодит мэт гаргаж өгснөөрөө онцгой ялгардаг хэмээн урлаг судлаачид үнэлдэг байна.

Үзэсгэлэнд зураач О.Найдан, Ч.Батмөнх нарын бүтээл илүү түлхүү байгаа ч, нэг уран бүтээлчээс дээд зах нь гурав хүртэлх бүтээлийг л оруулахыг зорьжээ.
















Холбоотой мэдээ