Спортын арбитрын шүүх улстөржсөн шийдвэр гаргасан гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ
sarnai@montsame.mn
2016-07-25 15:03:38

МОСКВА. /TASS/. "Рио-2016" Олимпын тоглолтод Оросын хөнгөн атлетикчдийг оролцуулахгүй гэсэн Спортын арбитрын шүүхийн шийдвэр нь улстөржсөн хэрэг мөн гэж ОХУ-ын Холбооны Зөвлөлийн олон улсын асуудал эрхэлсэн байнгын хорооны дарга Константин Косачев мэдэгдлээ.

Тэрбээр онцлон хэлэхдээ “Оросын тамирчид Олимпт оролцохгүй байх нь бусад орнуудын тамирчдын ялалтыг үнэ цэнэгүй болгоно. Өөрсдийгөө хурднаас хурдан байсан, өндрөөс өндөрт харайсан, хүчтэнээс хүчтэй байсан гэж бусад улсуудын тамирчид үр хүүхдүүд, ач зээ нартаа ярих аргагүй болно” гэсэн байна.

"Хэдийгээр ОУОХ-ны шийдвэр эрс хатуу байгаагүй ч гэсэн баярлаад байх зүйл алга. Одоо “салбарынхны” /спортын холбоод/ шийдвэрийг хүлээх хэрэгтэй боллоо. Гэхдээ эдгээр шийдвэр нь манай тамирчид болон Орос улсад ашиггүй гарах төлөвтэй” гэж К. Косачев ярьжээ.

Сануулан дурдахад, өнгөрсөн ням гарагт болсон ОУОХ-ны Гүйцэтгэх хорооны хуралдаанаас Оросын баг тамирчдыг Олимпт оролцуулахыг хориглохгүй гэсэн шийдвэр гаргасан боловч тэдний оролцох эсэхийг спортын төрлүүдийн холбоод шийдэхээр болсон байна.  

Үүнээс өмнөхөн буюу 7 дугаар сарын 21-нд Швейцарийн Лозанна дахь Спортын арбитрын шүүхээс ОХУ-ын Олимпын хороо болон Оросын хөнгөн атлетикийн 68 тамирчны гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон юм. Шүүхийн шийдвэрээр, ОХУ-ын Олимпын хороо тус улсын хөнгөн атлетикчдыг төлөөлөн тэмцээнд оролцох мэдүүлгийг нь илгээх боломжгүй болжээ. Ийм учраас АНУ-д сүүлийн гурван жилийн хугацаанд амьдарч буй уртын харайлтын тамирчин Дарья Клишина л зөвхөн ганцаараа ОХУ-ыг төлөөлж Олимпын тоглолтод оролцох эрхтэй юм.

Х.Сарнай 

Холбоотой мэдээ